Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ч.Чимэгбаатар: “Монгол хэлний эгшиг их гоё өнгөтэй”


Ч.Чимэгбаатар: Монгол хэлний эгшиг их гоё өнгөтөй

2009 оны 6-р сарын 22, Даваа гариг, 04:17

… Манай монгол хэл, ээ дээ мөн ч гайхамшигтай хэл дээ. Утга илтгэх чадамж нь ёстой гайхам. Эгшгүүд нь их гоё өнгөтэй. Би лав өнгөнүүдийг нь яг хардаг. “Э” шар өнгөтэй, “ө” улбар шар, “ү” цэнхэрдүү, “а” цагаан, “о” хөх, “у” бараан, “и” саарал өнгөтэй. Их өнгөлөг байгаа биз дээ. Гийгүүлэгчүүд нь бол манай байгалийн эрс тэс, сүр омголонт шинжийг шингээсэн, дуу чанга, дуурьсал хол, ээ их сүртэй дээ сүртэй, базарваань…

Хэлшинжлэлийн ухааны доктор Ч.Чимэгбаатартай ярилцлаа.

-Эрдэмтэн судлаач бүхэн өөрийн шинжлэн судалдаг салбараа онцгойлон, хэн хүнд учир зүйг нь ойлгуулан таниулахыг хүсдэг. Та манай уншигчдад хэл шинжлэл гэж ямар ач тустай ухаан болохыг хамгийн энгийнээр тайлбарлахгүй юу?

-Хүний авианы хэлний хувьд хэл бол хүн хүнтэйгээ харилцах үгэн гүүр юм л даа. Үгээр хэлхсэн тэр гүүрний үг, үгийг бүрдүүлсэн авиануудын шинж, чанар, өнгө, утгын зохицол нийцтэй байвал харилцагчдын санаа бодол саадгүй тод нэвтэрнэ. Тэр “зохицол нийцэл” нь хэлшинжлэлийн судлах зүйлийн нэг гэж хэлж болно оо. Манай монгол хэл, ээ дээ мөн ч гайхамшигтай хэл дээ. Утга илтгэх чадамж нь ёстой гайхам. Эгшгүүд нь их гоё өнгөтэй. Би лав өнгөнүүдийг нь яг хардаг. “Э” шар өнгөтэй, “ө” улбар шар, “ү” цэнхэрдүү, “а” цагаан, “о” хөх, “у” бараан, “и” саарал өнгөтэй. Их өнгөлөг байгаа биз дээ. Гийгүүлэгчүүд нь бол манай байгалийн эрс тэс, сүр омголонт шинжийг шингээсэн, дуу чанга, дуурьсал хол, ээ их сүртэй дээ сүртэй, базарваань.
-Манай хэлшинжлэлийн салбарын хөгжил ямар төвшинд явна?
-Хэлшинжлэлийн судалдаг зүйл их, цар хүрээ өргөн. Бид хоёрыг ингээд ярьж байхад ч, судлах зүйл нь нэмэгдэж л байгаа. Шинжлэх ухааны бусад салбарын ололт дэвшилтэй уялдаад, хэлшинжлэл ч байнга өөрчлөгдөж байна. Тэр бүхнийг цаг алдалгүй судлаад байвал олон улсын төвшинд яваад байх юм байна гэж бодох нь өрөөсгөл л дөө. Бусдын хийж байгааг хоцрохгүй хийгээд явъя гэвэл хүн хүч, мэдлэг туршлага, хөрөнгө мөнгө гээд асар их зүйл хэрэгтэй учир бүтэшгүй. Бас улс үндэсний өөрийн хэрэгцээ шаардлага орхигдоход хүрнэ. Яахав, тэр бүгдийг самран уншиж, танин мэдэхүйн хувьд ерөнхий баримжааг нь мэдэрч байх ёстой л доо судлаач хүн. За одоо, манай хэл шинжлэлийн салбарын хөгжил, төвшний тухай хэдэн үг хэлье. Миний бодоход, ерөнхий хэл шинжлэлд туршлага болж үлдсэн онол, аргын сэтгэлгээний мөн чанарыг хэр ойлгож эзэмшсэнээр хөгжлийн шалгуур хэмжигдэнэ гэж боддог. Энэ эзэмшсэн онол мэдлэг нь монгол хэлнийхээ үзэгдлүүдийг зөв олж харахад тус болж байна уу, монгол хэлнийхээ тулгамдсан асуудлыг судлахад тус болж байна уу гээд олон юм байна аа.

Монголын хэл шинжлэлийн салбарын хөгжил, төвшин хүмүүсийн нүдэнд ил байгаа гэж бодож байна. Кирилл үсгийн зөв бичих зүйн холион бантанг шат дараатай боловч шийдэж чадахгүй байгааг харахад л ямар байгаа нь ойлгомжтой. Аливаа ухаан өөртөй нь хамаатай, улс нийгмийнхээ тулгамдсан, хэрэгцээт асуудлыг юуны өмнө шийдэж, мухардлаас гарах арга замыг нь зааж өгөх гол үүрэгтэй. Энэ үүргээ л давын өмнө биелүүлж явах ёстой л доо.

-Ш.Лувсанвандан, Чой.Лувсанжав нараар төлөөлүүлдэг хэлшинжээч эрдэмтдийн залгамж халаа өнөөдөр ямар байна?
-Бас суут эрдэмтэн Б.Ринчен байна. Монголын шинжлэх ухааны түүхэнд мөнхөрсөн их эрдэмтдээ жинхэнэ ёсоор залгамжлахын тулд эхлээд тэд монгол хэлийг яаж харсан юм, хаанаас нь эхлээд хааш нь судлахдаа, ямар ямар үзэгдэл түүнд нь хамрагдсан юм, юу хамрагдаагүй үлдсэн юм гээд олон зүйлийг мэдэж мэдэрсэн, тодруулсан байх учиртай. Ш.Лувсанванданг манай эрдэмтэд нэлээн сайн судалж, боловсруулсан онол нь монгол хэлний олон үзэгдлийг тайлбарлаж, системчлэхэд үлгэр загвар болохыг тогтоож, улмаар онолыг нь хөгжүүлж авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн гол үзэгдлүүдийг системчилж, тайлбарласан юмаа. Харин Б.Ринченийг олон хэл мэддэг, олон сайхан түүхэн сэдэвт зохиол бичсэнээр нь, аяндаа л их эрдэмтэн гээд байгаа болохоос биш яг их эрдэмтнийх нь онол хараа шингэсэн хэл шинжлэлийн судалгааг нь нарийвчлан судлаагүй л байна. Ийм учраас онол харааг нь дараа үеийн судлаачид өвлөн хөгжүүлсэнгүй. Онол нь мартагдаж байна. Энэ мэт байдал үргэлжилвэл манай хэл шинжлэлийн сэтгэлгээний сан улам л шингэрч ширгэнэ. Ер нь бол энэ хоёр их эрдэмтэн монгол хэлийг хоёулаа бүтэц хэлшинжлэлийн онолоор харсан ч гэсэн, Лувсанвандан бол тэр онолын үндсэн ухагдахуун болох тэмдгийн онол, дохионы онолыг монгол хэлний үзэгдлийг тайлбарлахад тусгахдаа, арга билгийн барилдлагад нь үзэж, монгол хэлний авиа, үг, нөхцөлийн садагнагч дайсагнагч харьцааг нь тодруулсан юм. Лувсанвандан юм үзэгдлийн оршил тогтнолын мөн чанарыг болзмол хэлбэрээр тайлбарладаг, арга билгийн ёсныг, бодит үзэгдэл буюу монгол хэлний судлалд нэвтрүүлж, хөгжил хөдөлгөөнт үзэгдлийн өөрчлөл хувирлын зүй тогтлын амин сүнс нь орон, цаг, тоо, чанар гэсэн тус тус харьцаанд байна гэж үзээд, эдгээр харьцааг тодруулсан юм. Энэ судалгаа бол болзмол онолоор бодит үзэгдлийг судлах тодорхой аргыг боловсруулсан судалгаа. Яг ийм сэтгэлгээт судалгаа орчин үеийн хэл шинжлэлд байхгүй. Давтагдашгүй судалгаа. Зөвхөн монгол хэлшинжлэл төдийгүй Монголын шинжлэх ухаанч сэтгэлгээний санд мөнхрөх судалгаа. Ринченг манай олон эрдэмтэн монгол хэлийг түүхэн харьцуулсан аргаар судалсан гэж үзээд байдаг юм. Миний бодоход, тэрбээр судалгаандаа монгол бичгийн хэл, бичгийн дурсгалууд, аман аялгуу, аман зохиолын зүйлээс өргөн ашигласан учраас тэгж боддог байх. Ринчен бол “орчин цагийн монгол хэл” гэдгийг монгол хэлний зөвхөн одооны байдал, түүний шинж төлвийг тодорхойлж байгаа халх аялгууны хүрээнд үзсэнгүй, хэлшинжлэлийн үечлэлийн утгаар үзсэн учраас судалгаанд нь хамрагдах зүйл илүү их байсан юм. Ринчен судалгаандаа ерөнхий хэл шинжлэлийн аль нэгэн онолыг тухайлан дэлгэрэнгүй тайлбарлаад, түүнд судалгаагаа нийцүүлээд байсан нь их биш боловч, онолын хараа, сэтгэлгээний орчил нь ямар өргөн, ямар гүн байсан нь, кирилл үсгийн зөв бичих зүйг шүүмжилсэн зүйлүүдээс нь тод мэдрэгддэг юмаа.
Лувсанвандан бол ерөнхий хэл шинжлэлд бэлэн байсан онолыг өөрийнхөө сэтгэлгээний орчилд нийцүүлэн, шинэ онол болгон боловсруулсан. Энэ онолыг би “хэлний хөдлөнгө харьцангуй онол” гэж томьёолох саналтай байдаг. Ринчен бол яг тухайлсан нэгэн онолыг удирдлага болгож нийт монгол хэлийг судалсангүй, авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, найруулгазүй гээд бүлэг бүлэг үзэгдлийн шинж чанар тус бүрийг тодруулсан хараа нь ерөнхий хэл шинжлэлд тэр бүр байгаагүй хараа байв. Яг л монгол хэлний мөн чанар, ахуй босгож ирсэн энэ харааг, ёстой л билгийн хараа гэмээр дээ. Үгзүйн хэсгийн “хүртээл” гэдэг ухагдахуун нь маш сонин, маш өвөрмөц сэтгэлгээний илрэл юм л даа. Яг тэр сэтгэлгээ Ринчений хэл шинжилгээний сэтгэлгээний нэгэн тод онцлог болох учраас заавал тодруулна аа.
Ер нь өмнөх үеийнхээ хийсэн бүтээснийг үнэлэх нэг зарчим байдгийг залуус мэдэхгүй байна уу, эсвэл мартаад байна уу гэмээр санагдах юм. Өмнөх үеэ үнэлэхдээ, өөрийнхөө цаг үеийн өндөрлөг төвшнөөс харж үнэлэх биш, тэр үе маань өмнөх үеэсээ илүү юуг хийв гэдгийг тодруулах зарчим баримтлах ёстой. Ер нь энэ зарчим бусад салбарт ч хүчинтэй. Бид туулж өнгөрсөн нийгмээ үгүйсгэвэл, бидний энэ үеийг дараахь үе маань үгүйсгэнэ. Одоо манай олон залуус ийм харалган хараатай байх шиг санагддаг. Өмнөх, өмнөх үеийнхээ үнэт зүйлийг тодруулж, үнэлж, өвлөж хөгжүүлж явахад л “залгамж чанар”-ын утга учир орших биз ээ.

-С.Шагжийн, Я.Цэвэлийн толь өдгөө ч үнэ цэнэтэй байна. Цэвэлийн толийг давсан толь бичиг яагаад гарахгүй байна вэ?
Тэдгээр толиудыг хийхгүй бол болохгүй нь гэдгийг мэдэрсэн ахмад үе маань ямар мундаг вэ. Одоо үеийнхэнд тийм мэдрэмж байхгүй ээ. Тэр үедээ хэдэн жилийн дараахь нийгмийн хэрэгцээг урьдчилан хараад тийм чанартай, мэдлэг мэдэц шингэсэн мөнхийн бүтээл туурвина гэдэг мөн лут аа. Тэдгээр толь одоо ч ач холбогдлоо алдаагүй байгаан нэг учир бол тэр үед уламжлалын хэлхээ одоох шиг тасраагүй байсан учраас амин чухал үгсийг тухайлан оруулсандаа байгаа юм шиг санагддаг. Одоо үед мэргэжлийн бус хүн бүү хэл, мэргэжлийнх нь ч мэдэхгүй үг утга тэр толинд зөндөө бий.
Тэр толийг Цэвэл гуай ганцаараа туурвиж бүтээгээгүй, 1930-аад оны манай сор болсон эрдэмтэд Ринчен, Шагж, мэргэн гүн Гомбожав, Дорж, Дамдинсүрэн, Нацагдорж нар 1933 онд эхлүүлээд, удалгүй хэлмэгдүүлэлтэнд нэрвэгдэж тасалдаад, 1949 оноос дахин эхэлж, 1964 онд дууссан. Үе үеийн олон эрдэмтний нөр их зүтгэлээр бүтсэн толь. Тэр үеийн төрийн бодлого нь уламжлалд шалгууртай ханддаг байсан юм болохоор шашин, уламжлалын холбогдолт олон үгийг оруулаагүй юм гэдэг. Хэрвээ тэр бүх үг орсон бол сайхан аа. Одоо бол тийм толийг хийж чадалгүй яах вэ. Түрүүчээсээ олны хүртээл болж байгаа байх аа.

-Танилын маань хүүхэд их сургуулийн монгол хэлний ангид орохоор шалгалт өгөх болоход аав нь жигтэйхэн уурлаж, “монгол хүн байж монгол хэл судлаад байхдаа яадгийн. Тэрний оронд англи хэлний ангид ор” гэж тэдний гэр бүлд бөөн асуудал дэгдсэн гэсэн. Эмч, хуульч, IT инженер шиг хэлшинжээч эрэлттэй мэргэжлийн тоонд ордоггүй нь юутай холбоотой вэ?
-Яахав дээ, ажил мэргэжлийг амьдралын хэрэгцээ хэрэглээний талаас харах нь юу нь буруу байх вэ дээ. Монгол хэл олон улсад нийтлэг түгээмэл хэл биш болохоор тэгж бодох нь аргагүй биз. Энэ нь аливаа мэргэжлийн амт шимтийг үгүйсгэж байгаа хэрэг биш гэж бодож байна. Хэлшинжээч эрэлттэй мэргэжлийн тоонд ордоггүйн хувьд хэлэхэд мэргэжлийн хүрээ хязгаар нь хумиу явцуу юм л даа. Нийгмийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ, талх тарианы тулгамдсан асуудлыг хариуцдаггүй болохоор эмч, хуульч, IT инженерийн хэрэгцээ шиг биш л дээ. Харин хэлшинжээч өөрөө аль болох өргөн мэдлэг эзэмшиж, хэлтэй холбоотой олон салбарыг бас хамруулан судалбал тэдгээр эрэлттэй мэргэжлийнхнээс дутахгүй эрэлттэй хэрэгтэй хүн болно л доо. Ринчен гуай тийм хүн байлаа.

-Кирилл үсгийн дүрэм улам бүр эх захгүй болж байх шиг санагддаг. Шинэчлэн сайжруулах боломж байна уу?
-Боломж байлгүй яахав. Өөрчлөх шинэчлэхдээ, шинжлэх ухаанч зарчмыг хэт барьж “хэцүү” дүрэм боловсруулах, эсвэл “амархан” дүрэм зохиох гээд шинжлэх ухаанч зарчмыг орхигдуулах хэтийдлийн хоёр туйлд унахгүй байх ёстой. Одооны бидний энэ дүрэм бол “амархан” дүрэм зохиох гээд шинжлэх ухаанч чанарыг орхигдуулсан хэтийдлийн туйлд уначихаад өндийж чадахгүй байгаа юм. Би зарим нэг санал дурдъя. Санал ч гэж дээ, уг нь бол хэнд ч мэдээжийн юм. Жишээлбэл,
-Нэр үгийн эцэст зөөлний тэмдгийн оронд “и” бичье, тэгвэл заримдаа “ь” бичиж, заримдаа “и” бичихгүй болно: хари, хани, дари гэх мэт.
– Зарим үйл үгийн захирах хэлбэрт “ь” биш “и” бичье: гунь- гуни, барь – бари, сорь – сори, хорь – хори, зорь – зори гэх мэт.
– Үзье, бичье, барья гэж бичихэд “ь” бичихгүй, үйл үгийн үндсийг хадгалахын тулд, “үзэе, бичие, бария” гэж бичье.
-үгийн үндсэнд халдахгүй байя, нөхцөлийн байр, хэлбэр аяндаа журамлагдана:
ава-, авах, авалга
боло-, болоц, боломж, болох
бичи-, бичивэр, бичилгэ, бичимэл, бичих, бичиэс, бичигдэмэл
гара-, гараа, гарац, гарах
дууда-, дуудах, дуудалга
дэмжи-, дэмжих, дэмжилгэ
зово-, зоволон, зовох
зура-, зураг, зурах, зуралга, зураас
ирэ-, ирэц, ирэх, ирээдүй
гэх мэт.
-Одоо бид харьяалахын тийн ялгал нөхцөлийг эр эм үгэнд тус тус өөрөөр “ы”, “ий” хэрэглэж бичиж байна. Бүх үгэнд ингэж бичих нь, зөв бичих зүйг хэцүү болгож байна. Уртаар дуудах ёстойг илэрхийлж, хоёр “ий”-тэй хэлбэрийг бичвэл хүүхдэд дөхөм учир “ий” хэлбэрээр бичье: багшийг, багшийн, ахийг, ахийн, эгчийг, эгчийн гэх мэт. Уг нь ингэж бичих нь хялбар байх боловч, “баг, бага” зэрэг үгийн хувьд, жишээлбэл “багийн найз, багын найз” гэхэд ялгах аргагүй болж байна. Ийм л үед “ы” бичиж байя. Ингэснээр бас, “ж,ч,ш”-ээр төгссөн эр үгэнд заавал “ий” бичдэг нь үгүй болно.
-“ш,ч,”-ээр төгссөн нэр үгэнд өгөх оршихын тийн ялгалын нөхцөл бичихдээ холбох эгшиг “и” бичихгүй, тухайн үгийн эгшгийг бичье: багшад, эгчэд, жолоочод гэх мэт.
– “төй” нөхцөлийг бий болгоё: бөгжтөй, мөнгөтөй, хөрөнгөтөй, өвөөтөй гэх мэт. Ингэх нь дуудлагадаа ч нийцнэ, зөв бичих зүй ч системлэг шинжтэй болоход нөлөөлнө. Энэ мэт хэлээд байвал олон юм байна аа. Дараа дэлгэрэнгүй ярья.

-Даяаршиж буй энэ цаг үед латин үсэгт шилжих нь зөв гэж үздэг эрдэмтэд бий. Үүнийг юу гэж боддог вэ?
-Цаг цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж төрийг бол халж болно, хувцсыг бол сольж болно, унааг бол юүлж болно, байрыг бол сэлгэж болно. Цагийн эрхээр латин үсгийн хүрээ хумигдах нь мэдээж. Тэр цагт дахиад үсэг хайх юм болох нь л дээ. Мөнхийн сонголт бол монгол бичиг. Өөрөөр байж ер болохгүй байгаа юм. Би маш олон талаас нь бодож ирсэн. Би чамд нэг юм хэлэх үү. Монгол үсгээр бичсэн ном уншихаар үйл явдал ахуй нь нэгэн бүхэл, цогцоор тодрон босож ирдэг. Кирилл үсгээр бичсэн ном уншихад үйл явдал нь дараалан цуварч харагдаад байх шиг санагддаг. Хүн амьдралдаа дохио тэмдгийн болзмол хэлбэрийг хэр их ашиглана, сэтгэн бодох нь төдийчинээ сайн байдгийг эрдэмтэд илрүүлсээр л байна. Японууд л гэхэд үсгийн гурван систем хэрэглэж байна. Дээр нь цаг шаардлагаа дагаад латин үсэг бас их хэрэглэнэ. Үүнтэй харьцуулахад манайхан монгол бичгээ сурахдаа хойргошиж шантарч байгаа нь залхуу залхагийн туйл гэхээс өөр юү гэхэв. Дээр үед тогтолцоотой сургууль ч орон даяар байсангүй, заагаад өгөх багш нь ч хүрэлцээтэй байсангүй. Тийм үед хонь малаа хариулж явахдаа л олонх нь сурчихсан, хойч үедээ заагаад өвлүүлээд ирсэн нь үнэн шүү дээ. Манай өнөө үеийнхэн өөрсдийгөө өмнөх олон үеийнхнээсээ илүү их мэдлэгтэй гэж боддог байх. Тийм биш шүү дээ. Илүү их мэдээлэл авах боломжтой болсон нь үнэн. Гэвч мэдээлэл мэдлэг хоёр чинь огт өөр зүйл. Мэдлэг бол хуучирдаггүй, аяндаа л өргөжөөд гүнзгийрээд байдаг. Харин мэдээлэл бол хуучирдаг. Зөвхөн мэдээлэл ярьж, өөрийгөө мэдлэгтэй гэж боддог хүнийг юм уншуулахгүй ганц сар болгоход л ярих сэдэв нь хумигдаж хоцрогдоод хэцүүдэх биз хөөрхий. Тэгээд бас залхуу залхагаа хаацайлж, монгол бичиг хоцрогдсон гэхийг яана. Авианы үсэг тийм ч амархан хоцрогдоод байдаггүй. Үндэстэн нь уствал  үгүй болно. Үндэстэн нь оршиж байгаа цагт үсэг нь хоцрогдоно гэж байхгүй. Үсэг гэдэг чинь утга дамжуулдаг болзмол тэмдэг юм чинь яаж хоцрогдох вэ. Болзмол тэмдгийг харьцаа харилцаандаа хэрэглэхэд ухаан нь дутах хүн өөрөө л хоцрогддог.

-Сонины хэл найруулга ямар байна?
-Одоо сонин сэтгүүл ч олон болж, сэтгүүлч ч олон болж. Сэтгүүлч бэлддэг сургуульд нь үг утга найруулах эрдмийг жинхэнэ ёсоор нь заахгүй “ингэж бичих ёстой, тэгж ярих учиртай” гээд хуурай хөндий номлож лоозогноод байдаг юм чинь ямар өөд байхав. Уг нь бол оюутнаар шилдэг сайн найруулгатай номуудыг хуу уншуулж, найруулгын сайн нь юундаа байна, бичлэгийн техник онцлог нь юундаа байна, ямар үгийг ямар үед хэрэглэж байна гэдгийг хэлж зааж өгөөд, яг тэр техникээр нь бичүүлж, засаж өгч, шилдэг сайн найруулгуудыг эзэмшүүлэх хэрэгтэй. Би бол аль нэг сэдвээр яг Нацагдорж шиг, Жамсраны Цэвээн шиг, Ринчен шиг, Инжанаши шиг найруулж бичиж өлхөн чадна аа. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү, зөв ойлгоорой. Найруулах эрдэм, техникийг эзэмшихэд зайлшгүй хэрэгтэй зүйлийн тухай ярьж байна. Үүний зэрэгцээ, сонины найруулгын төрөл зүйл, найруулал, ярилцлага, мэдээ, тойм гээд тэд бүгдийг яг уншуулж, өөрөөр нь бичүүлж, засаж өгч, гадаадын сонины нийтлэл, бичлэгийг уншуулж, адил маягаар бичүүлж сургаж, иймэрхүү  байдлаар явахад хоёр гурван жилд ёстой төгөлдөр сэтгүүлч төрнө биз. Одоо бол олон сэтгүүлч үгээ ч зөв бичиж чадахгүй, дүрэмд тээгэлдэж унаад л, хөлд орж байгаа хүүхэд шиг л харагдах юм. Хэлж ярьж байгаа нь ч таль туль гээд, хэлд орж байгаа хүүхэд шиг, бичиж холбож байгаа нь ч түг таг гээд, бичиж сурч байгаа хүүхэд шиг л харагдах юм. Сонинууд мэдээлэл дамжуулахдаа уншигчид хамгийн ойлгомжтой байх аргуудыг бодмоор байна. Ганц жишээ хэлэхэд, УИХ-ын гишүүдийг бичихдээ нэрийнх нь ард хаалтан дотор намыг нь бичдэг болоосой. Жишээлбэл гишүүн Дорж (АН) гээд. Тэгвэл хүмүүст тухайн асуудлаар гишүүн нь, нам нь ямар үзэл бодолтой байнав гээд олон зүйл харагдах болно. Нэрийнх нь ард нам нь байнга гараад байхаар тухайн гишүүний хариуцлага, ёс суртахуунд ч нөлөөлнө.

-За ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг Танд үлдээе?
-Санаж бодсоноо бусдад хүргэж байгаадаа баяртай байна. Энэ ярилцлагыг би хайрт охин Учигтаа зориуллаа гэсэн үгээр дуусгаж болох уу?
-Бололгүй яах вэ. Уншигчдынхаа өмнөөс Танд талархал илэрхийлье.

Ярилцсан Л. Эрдэнэмаа

Ярилцлагыг даяар монгол сайтаас авлаа.

//

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: