Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Латин үсгийн үндэсний хөтөлбөр


Монгол Улсын Их Хурлын 2003 оны
31 дүгээр тогтоолын хавсралт


ЛАТИН ҮСГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг зүйл

Манай орны нийгэм, соёл, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн төвшинг тодорхойлох нэг гол үзүүлэлт нь мэдээлэл, харилцааны технологи болж, түүнийг хэрэглэх хүрээ өргөжин тэлсээр байна.

Монгол улсад 1990-ээд оноос интернет үйлчилгээ нэвтэрч, түүнийг ашиглан иргэд хоорондоо харилцан шуурхай мэдээлэл солилцох, бизнес ажил хэргийн харилцаа тогтоох, мэдлэг, мэдээллийн санг ашиглах зэрэг цоо шинэ төрлийн ажил, үйлчилгээ бий болж, хэрэглэгчдийн тоо асар хурдан нэмэгдэх боллоо. Түүнчлэн тоон технологийн холбоо шинээр нэвтэрч, зөвхөн дуу яриагаар төдийгүй үүрэн телефон ашиглан захидал бичиж харилцах боломжтой болжээ.

Монгол кирилл үсгийг латин үсгээр янз бүрийн хэлбэрээр оруулан хэрэглэснээр монгол үгийг зөв, буруу ойлголцох, монгол хэлний нэгдмэл байдлыг алдагдуулахад хүрсэн сөрөг үр дагавар гарах болжээ.

Энэхүү сөрөг үр дагаврыг арилгах зорилгоор “Баримт бичиг: Монгол кирилл цагаан толгойн үсгүүдийг романчлах” стандарт батлагдаж 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.

Мэдээлэл харилцааны технологийн үндсэн дээр монгол хэлээр мэдээлэл бичиж солилцох боломжийг хүн бүрд олгох зорилгоор дээр дурьдсан стандартыг үндэслэн бүх шатны сургуулийн сурагч, оюутнууд, нийт иргэдэд латин үсгийг зааж сургах, боловсон хүчин бэлтгэх, гарын авлага, монгол үгийг латин үсгээр бичих дүрэм, зөв бичих толь, сурах бичиг зохиох, заах арга боловсруулах, монгол, кирилл, латин цагаан толгойг харилцан уялдуулах замаар программ хангамжийн аргаар хооронд нь шууд хөрвүүлэх программ-техникийн болон түүнийг хэрэглэх арга зүйн боломж нөхцлийг бий болгох зэрэг ажлыг төрийн бодлогын үндсэн дээр хэрэгжүүлэх шаардлага аяндаа гарч ирэв.

Орчин үеийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан монгол кирилл үсгийг латин үсэгтэй хослуулан хэрэглэх латин үсгийн үндэсний хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг боловсруулан гаргаж байна.

Хоёр. Үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт,
бүтэц, хэрэгжүүлэх хугацаа

А.Хөтөлбөрийн зорилго, зорилт

1.Латин үсгийн хөтөлбөрийн зорилго нь мэдээллийн технологийн эрин үед дэлхий нийтээрээ хэрэглэх болсон латин үсгээр монгол үгийг тэмдэглэх боломж бүрдүүлж, орчин үеийн мэдээлэл, харилцааны технологийн ололтыг ашиглан монгол кирилл үсгийг латин үсэгтэй хослуулан хэрэглэх, хооронд нь хөрвүүлэх орчин, нөхцлийг хангахад оршино.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна.

1.Монгол кирилл үсгийг латин үсгээр орлуулан хэрэглэх сургалтыг албан ба албан бус хэлбэрээр явуулах,

2.Монгол кирилл үсгийг латин үсэгт хөрвүүлэх зарчим, лавлагааны хэрэглэгдэхүүнийг зохиож боловсруулах.

3.Багш бэлтгэх, давтан сургах, ном, сурах бичиг, компьютер, сургалтын техник хэрэгслээр хангах, латин үсгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр заах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах,

4.Латин үсэгт сургах, түүнийг хэрэглэх орчин бий болгоход чиглэсэн санаачлага, үйл ажиллагааг бүх талаар дэмжих, хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн хэрэглэж буй кирилл үсгийг латин үсэгт хөрвүүлэх зарчим, лавлагааны хэрэглэгдэхүүнийг боловсруулах,

5.Монгол кирилл үсгийг латин үсгээр хөрвүүлэх стандартыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үүрэн телефоны болон компьютерийн сүлжээгээр өргөн сурталчилж, улам боловсронгуй болгох,

6.Монгол, кирилл, латин цагаан толгойг программ хангамжийн аргаар хооронд нь шууд хөрвүүлэх програм-техникийн нөхцлийг бүрдүүлж, нийтийн хүртээл болгох.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд латин үсгийг хэрэглэх сургалтыг тасралтгүй байх зарчмаар зохион байгуулж, иргэд үсгийн монгол кирилл үсэгтэй хослуулан хэрэглэж чаддаг төвшинд хүргэх бодлогыг баримтална.

Б.Хөтөлбөрийн бүтэц

I.Хөтөлбөр нь дээр дурьдсан зорилтуудыг шийдвэрлэх арга хэмжээний хүрээнд дараахь бүтэцтэй байна.

1.Латин үсгийн сургалтын удирдлага, зохион байгуулалт,

2.Латин үсгийн сургалт,

3.Латин үсгийн хэрэглээний орчин.

В.Хөтөлбөрийн хэрэгжүүлэх үе шат

1.Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

1.Бэлтгэл үе /2003-2004 он/
2.Хэрэгжүүлэх үе шат /2005-2006 он/

Бэлтгэл үед дараахь ажлын хийж гүйцэтгэнэ.

а.латин үсгийн зөв бичих дүрмийн тодорхой асуудлаар эрдэмтэд, мэргэжилтнүүд, хэрэглэгчдийн оролцуулсан уулзалт, ярилцлага, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах,

б.латин үсгийн зөв бичих дүрмийг батлуулан сурах бичиг, гарын авлага, хураангуй болон дэлгэрэнгүй толь, харь үг, газар нутгийн нэр, хүний овог, нэрийн толь боловсруулах,

в.латин үсэг хэрэглэх сургалтын стандарт, сурах бичиг, гарын авлага боловсруулах,

г.латин үсгийн зөв бичих дүрэм боловсруулах төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бий болгож шаардлагатай программ-техникийн хэрэгслээр хангах.

д.монгол кирилл үсэг, түүний зөв бичих дүрмийг латин үсгийн зөв бичих дүрэмтэй уялдуулан хоорондоо хөрвөх боломж бүрдүүлэх,

е.латин үсгийн хэрэглээ, стандартыг сурталчлах, латин үсгийн орчин бүрдүүлэх,

Хэрэгжүүлэх үед дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

а.латин үсгийн зөв бичих дүрмийн гарын авлага, толь бичиг зэргийг боловсронгуй болгох,

б.албан ба албан бус сургалтыг зохион байгуулах,

в.латин үсгийн орчин бүрдүүлэх, хэрэглээг сурталчлах,

г.латин үсгийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох.

Гурав. Латин үсгийн сургалтын удирдлага,
зохион байгуулалт

а.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах байгууллага, түүний үүрэг
1.Засгийн газар нь хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах дараах үүрэг хүлээнэ.

1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах.

2.Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох, түүнд тодотгол, өөрчлөлт оруулах, саналаа Улсын их хуралд өргөн мэдүүлэх.
3.Хөтөлбөрийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, үүрэг телефон, интернет болон бусад арга хэлбэрийг ашиглан сурталчилж, иргэдийн латин үсэг сурах идэвх, санаачилгыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах.

4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.

2.Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь үүрэг хүлээнэ.

1.латин үсгийн сургалтыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,

2.хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд оролцогчдыг холбогдох мэдээ, мэдээллээр хангах,

3.хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа орон нутгийн байгууллагын ажилд хяналт тавих, зөвлөлгөө өгөх, ажлын ололт туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх,

4.шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэнгүүд, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн төв байгууллага хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад онол арга зүйн туслалцаа үзүүлэх.

б.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах байгууллага, түүний үүрэг

1.орон нутгийн иргэдийн бүх шатны Төлөөлөгчдийн Хурал нь хөтөлбөрийг тухайн орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг хүлээнэ.

2.Хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулж, дараахь үүрэг хүлээнэ.

1.нутаг дэвсгэрийн хэмжээнд латин үсгийн сургалтыг зохион байгуулах, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, боловсруулах, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан мөрдөж ажиллах.

2.хөтөлбөрийн биелэлтийг жил тутам дүгнэж, холбогдох дээд байгууллагад мэдээлэх.

3.иргэдийн латин үсэг хэрэглэж сурсан байдлын судалгаа гаргаж, сургалтанд хамруулах, сургалтыг зохион байгуулах,

4.хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн болон улсын төсөвт тусгуулах санал боловсруулж, уламжлах,

5.хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтын удирдлага болон сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, шаардлагатай мэдээллээр хангах, бие дааж латин үсэг сурахад нь иргэдэд туслалцаа үзүүлэх.

Дөрөв. Латин үсгийн сургалт

А.Албан сургалт

1.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад боловсролын стандартын дагуу латин үсгийн сургалт явуулна.

2.Латин үсгийн сургалтанд хамрагдаагүй их, дээд сургууль, коллежийн оюутнуудад латин үсгийн сургалтыг төлөвлөгөөнд тусгаж заана.

3.Сургуулиудад латин үсэг хэрэглэх орчин бүрдүүлнэ.

4.Латин үсгийн зөв бичих толь, харь үг, газар нутгийн нэр, хүний овог, нэрийг латин үсгээр бичих толийг хэрэглэж эхэлнэ.

Б.Албан бус сургалт

1.Латин үсгийн анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулна.

2.Иргэдийг оршин буй нутаг дэвсгэр, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийнх нь онцлог байдлыг харгалзан зайны болон экстернат сургалт, дамжаа, сургалтын бусад хэлбэрээр латин үсэг хэрэглүүлж сургана.

3.Иргэд бие даан латин үсэг эзэмших эрмэлзлэлийг дэмжинэ.

В.Мэргэжлийн боловсон хүчин

1.Латин үсгийн стандартыг зохих төвшинд эзэмшүүлэх ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулна.

2.Латин үсгийн зөв бичих дүрэм заах багш нарыг тодорхой хөтөлбөрийн дагуу бэлтгэж эхэлнэ.

3.Латин үсэг заах багш нарт уран бичлэгийн арга барилыг зааж эзэмшүүлнэ.

4.Латин үсгийн редактор, хянагч, бичээч, компьютерийн операторчин бусад мэргэжлийн хүмүүсийг сургаж бэлтгэх.

Г.Латин үсэг заах арга зүй

1.Латин үсгийн сургалтад мэдээлэл, харилцааны технологийг ашиглан уламжлалт болон орчин үеийн заах аргыг хослуулан хэрэглэж, компьютерийн технологи ашиглана. Сургалт, судалгааны ажлыг мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн хүчээр гүйцэтгэн, сургалтын асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж мөрдүүлнэ.

2.Латин үсэг заах арга зүйг боловсронгуй болгох талаар судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, энэ ажилд өөрийн орны болон гадаадын эрдэмтэн судлаачдыг өргөнөөр оролцуулна.

Тав. Латин үсгийн хэрэглээний орчин

1.Латин үсгийн зөв бичих дүрэм боловсруулах, түүнтэй холбогдуулан тодорхой асуудлаар эрдэмтэн мэргэжилтнүүдийн ярилцлага, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлнэ.

2.Латин үсгийн зөв бичих дүрмийн хураангуй болон дэлгэрэнгүй сурах бичиг, гарын авлага хэвлэж, нийтийн хүртээл болгоно.

3.Латин үсгээр монгол үгийг зөв бичих толийг ердийн болон электрон хэлбэрээр бий болгож, бүх нийтээрээ хэрэглэж эхэлнэ.

4.Хэвлэлд зар сурталчилгааг латин үсгээр нийтлэх, латин үсгийн нүүр, булан гаргах санаачлагыг дэмжинэ.

5.Нийтэд зориулсан ном, сурах бичиг, гарын авлагыг латин үсгээр хэвлүүлэх ажлыг өргөжүүлнэ.

6.Латин үсэгт сургах ажлыг зохион байгуулж, тодорхой амжилтанд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачлагыг дэмжиж урамшуулна.

7.Төв, орон нутгийн бүх шатны сургалтын байгууллагыг компьютержүүлэх, латин үсгээр хэвлэх, техник, технологийг нэвтрүүлнэ.

8.Латин үсгээр мэдээлэл бэлтгэх, компьютерийн программ-техникийн хэрэгслийг боловсронгуй болгож, дэлгэрүүлнэ.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуурууд,
үр дүнг гаргах

1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур нь латин үсэгт суралцсан байдал, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийн төвшингээр тодорхойлогдоно.

1.хүн амын доторх латин үсэг хэрэглэх чадвартай хүн /чөлөөтэй уншиж, бичдэг/-ийн өсөлт

2.латин үсгийн сурах бичиг, гарын авлага, толь бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байдал.

3.латин үсгийн хэрэглээний орчин бий болгох талаар хийсэн ажил, түүний үр дүн

2.Эдгээр шалгуурыг үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх журмыг боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж мөрдүүлнэ.
Монгол латин үсгийн стандарт

Монгол хэлний үгийг тэмдэглэх латин үсгийн бүрэлдэхүүний талаар хэлний мэргэжлийн болон мэдээлэл болон мэдээлэл технологийн салбарын эрдэмтдийн хамтран боловсруулсан төслийг 2002 оны 12-р сард Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлөөс улсын стандарт болгон баталсан билээ.

Түүнчлэн латин үсгийн өнөөгийн хэрэглээ шаардлага дээр үндэслэсэн “Латин үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг 2003 оны 5 сард Улсын их хурлаар баталсан болно.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн урьдчилсан гол нөхцөл нь кирилл, латин үсгийн хооронд харилцан хөрвөх боломжийг бүрдүүлэх явдал юм.

Эдүгээ тусгай ажлын хэсэг уул асуудлыг боловсруулж байгаа бөгөөд цаашид латин үсгийн дүрэм, толь бичиг зэргийг цэгцлэх гаргах болно. Ингэснээр улсын стандарт болгон баталсан латин үсгээр монгол үгээ бичиж тэмдэглэх иж бүрэн тогтолцоо бүрдэнэ.

Эхний шатанд одоогийн мөрдөж байгаа кирилл үсгийн дүрмийн дагуу латин үсгээрээ бичиж дадах нь УИХ-аас баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны алхам болно.

Энд улсын стандартаар батлагдсан латин үсгийн цагаан толгойг шаардлагатай зарим тайлбарын хамт толилуулж байна. Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 2008 оны 12 сарын 29 )

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: