Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр


2004 оны 12 дугаарсарын 22-ны өдөр Дугаар 244 Улаанбаатар хот

Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар баталсан “Бичигтэн болох НҮБ-ын арван жил: Бүх нийтийн боловсрол 2003-2012 он” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай

2. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу түүнийг хэрэгжүүлэх ажлын дунд хугацааны төлөвлөгөөг 2005 оны I улиралд багтаан боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд даалгасугай

3. Хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан, Сангийн сайд Н.Алтанхуяг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд даалгасугай

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                               Ц.ЭЛБЭГДОРЖ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                                                                 П.ЦАГААН
БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүхий хүний эрхийг бүх талаар дээдэлсэн ардчилсан, иргэний нийгмийн хөгжлийн замыг сонгон авснаас хойш сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хүний сайн сайхан амьдралын суурь нөхцөлийн нэг болсон бүх нийтийн боловсролын салбарт тодорхой үр дүнд хүрсэн билээ.

2000 оны хүн ам, орон сууцны тооллогоор насанд хүрэгчдийн 2.2 хувь буюу 34011 хүн бичиг үсэг мэдэхгүй байсан бол 2003 оны 12 дугаар сарын байдлаар 13999 болж 41 хувиар буурч, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин 90.4 хувьд хүрч 2000 оны түвшингээс 3.9 хувиар өссөний зэрэгцээ сургууль завсардалт сүүлийн 12 жилийн хугацаанд 8.8 хувиас 2.2 хувьд хүртэл эрс буурч байгаа нь бүх нийтийн боловсрол эзэмших эрхийг хангах, бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа олон талт, шат дараалсан арга хэмжээний бодит үр дүн болсон байна.

Статистикийн мэдээ, судалгааны үр дүнгээс авч үзвэл:

-хэдийгээр манай орны хувьд бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бичиг үсгийн боловсролын асуудал бүх нийтийг хамарсан томоохон асуудал биш боловч хүн амын дунд бичиг үсэг үл мэдэгчид, суурь боловсрол эзэмшээгүй хүүхдүүд байсаар байна.

-бичиг үсэг үл мэдэгчид, сургууль завсардсан хүүхэд, залуучуудын ихэнх нь орлого багатай айл өрхөд ногдож байгаа бөгөөд хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгүүлээд ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн 60-аас дээш хувь нь мэргэжил, боловсролгүй хүмүүс байна.

-1990-ээд оны эхээр мал аж ахуйг хувьчилах явцад эцэг, эхдээ туслах зорилгоор эрэгтэй хүүхэд олноороо сургуулиас гарч, мал маллан сургууль завсардсаны сөрөг үр дагавар өнөөдөр ч хадгалагдсаар байна.

-2003 оны байдлаар насанд хүрсэн бичиг үсэг үл мэдэгчдийн тоо хөдөө орон нутагт хотоос гурав дахин их байгаа бөгөөд сургууль завсардсан хүүхдийн 75.8 хувь нь хөдөөд ногдож байна.

-сүүлийн жилүүдэд хотод шилжин ирэх хөдөлгөөн ихэссэний улмаас сургуулиудын хүчин чадал хүрэлцээгүйгээс сургууль завсардах үзэгдэл ажиглагдах боллоо.

Манай улсын хүн амын бичиг үсгийн боловсролын өнөөгийн нөхцөл байдал нь хүн бүрийн боловсрол эзэмших эрхийг хангах, хүйсийн мэдрэмжтэй, тэгш хамруулан суралцуулах нөхцөлийг хангасан боловсролын үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх замаар бичиг үсгийн боловсролыг бүх нийтэд заавал эзэмшүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байна.

Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах төрийн бодлогыг эрчимжүүлэх нь:

-хүний хөгжлийг дэмжих замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хот, хөдөөгийн ялгааг арилгах, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах суурь нөхцөлийг бий болгоно гэдгийг үндэслэж,

-бичиг үсэгт тайлагдаагүй иргэдийг бичиг үсэгт сургах, боловсрол нөхөн эзэмших боломжийг нь хангах үндсэн дээр  тэдний иргэний, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн, адил тэгшээр хангах нөхцөлийг бий болгохыг эрмэлзэж,

-соёл, боловсрол, нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцаанд хүйсийн тэгш байдлыг хангах, иргэд, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, ардчиллыг  бэхжүүлэх, иргэдийн насан туршдаа суралцах үндсэн эх сурвалж мөн гэдгийг иш үндэс болгож,

-эх, нялхсын болон хүүхдийн эндэгдлийг бууруулах,  ДОХ, амьсгалын замын цочмог халдварт өвчин зэрэг нийгэм, хүн ардад нэн аюултай халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх болон хувиараа хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, нийгмийн эрүүл сэтгэлгээнд тулгуурлан аж төрөх, амьдрах гэх мэт хүн амын амьдрах ухаан, амьжиргааны чадварыг бэхжүүлэхэд бичиг үсгийн боловсрол чухал нөлөөтэйг онцлон тэмдэглэж,

-Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтээр бичигтэн болох дэлхий дахины хөдөлгөөнийг санаачлагч орны хувьд өөрийн орны  үлгэрлэн манлайлах үүргээ хэрэгжүүлж байгаагийн нэг тод илэрхийлэл гэдгийг нотолж,

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар баталсан “Бичигтэн болох НҮБ-ын арван жил: Бүх нийтийн боловсрол 2003-2012 он“ тогтоол, 2000 онд    дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтаар баталсан “Мянганы хөгжлийн зорилтууд“,  2000 оны Дэлхийн боловсролын дээд хэмжээний чуулга уулзалтаар баталсан “Бүх нийтийн боловсролын Дакарын үйл ажиллагааны хүрээ“-нд заасан зорилтуудад хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үүрэг хариуцлага, хүчин чармайлтын нэгэн тод бодит алхам болгож,

Монгол Улсын Засгийн газраас “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг  баталж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

Хүн бүрийг адил тэгшээр хамруулан суралцуулах нөхцөлийг хангасан, хүйсийн мэдрэмжтэй, олон нийтийн оролцоо, нийгмийн түншлэлд тулгуурласан бичиг үсгийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг өргөжүүлэх замаар:

-нэн тэргүүнд хүн амын дунд бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах,

-сургууль завсардсан хүүхдүүдэд бичиг үсгийн боловсролыг нөхөн эзэмшүүлэх,

-сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, бүх нийтэд бичиг үсгийн боловсролыг эзэмшүүлэх нийгэм, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх,

-бичиг үсэг үл мэдэх явдал шинээр бий болохоос урьдчилан  сэргийлэх,

-хүн амын бичиг үсгийн боловсролын хэрэглээний чадавхийг сайжруулах үндсэн дээр хүний тасралтгүй сурах, хөгжих боломжийг дэмжихэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилтууд

Хөтөлбөр нь доорхи үндсэн зорилтуудыг дэвшүүлж байна:

-бичиг үсгийн боловсролын таатай орчин бүрдүүлэх үндсэн дээр бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрмөсөн устган 2008 онд насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын түвшинг 99.0 хувиас доошгүй хэмжээнд хүргэж бичиг үсгийн боловсролын хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, 2012 он гэхэд суурь боловсролын хамран сургалтыг 99.0 хувиас доошгүй хэмжээнд хүргэж суурь боловсролын түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах;

-судалгааны үр дүн, мэдээллийн санд тулгуурласан мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнтэй механизмыг бий болгох;

-олон нийтийн оролцоо, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бичиг үсгийн боловсролын олон талт нөөцийн эх үүсвэрийг бий болгох;

-бичиг үсгийн боловсролыг дэмжсэн  нийгэм, соёлын таатай орчин бүрдүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн стратеги

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд доорхи стратегиудыг удирдлага болгоно. Үүнд:

4.1. Хамтын үүрэг, хариуцлага

Бүх нийтийн бичиг үсгийн боловсролын асуудал нь дан ганц боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын үйл хэрэг биш юм. Хөтөлбөрийг  салбарын яамд, төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох үндсэн дээр тэдний идэвхтэй дэмжлэг, нийгмийн  түншлэл, хамтын оролцоонд тулгуурлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны манлайллын дор үндэсний түвшинд хэрэгжүүлнэ. Орон нутгийн түвшинд хөтөлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг даргын удирдлага, зохион байгуулалт, үүрэг хариуцлага, манлайллын дор хэрэгжүүлнэ.

4.2.  Хүний хөгжлийн төлөө цогц бодлого, төлөвлөлт

Хөтөлбөрийг ядуурал, ажилгүйдлийг бууруулах болон хүний хөгжлийг хангах талаар Засгийн газар, салбарын яамдаас батлан хэрэгжүүлж байгаа бусад бодлого, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан хүний хөгжлийг хангах нэгдмэл цогц бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлнэ.

4.3. Боловсролын нэгдмэл удирдлага, төлөвлөлт, цогц үйл ажиллагаа

Хөтөлбөрийг төрөөс боловсролын талаар баримталж байгаа бодлого, нэн ялангуяа бүх нийтэд суурь боловсролыг заавал эзэмшүүлэх төрийн бодлоготой нягт уялдуулан боловсролын нэгдсэн удирдлага, төлөвлөлтийн дор хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь сургууль завсардсан, суурь боловсролыг хугацаандаа эзэмшиж чадаагүй хүүхэд, залуучуудын хувьд тэдэнд бичиг үсгийн боловсролыг заавал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Хөтөлбөрийг албан ба албан бус боловсролын тогтолцоонд тулгуурлан үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн, олон талт, үр дүнтэй сургалтын бүхий л хэлбэрийг ашиглах замаар хэрэгжүүлнэ.

4.4. Адил тэгш боломж, эрхийг хангах, үндэсний цөөнхийн хэл, соёлыг хүндэтгэх

Хөтөлбөрийн тэргүүлэх үндсэн стратеги нь амьдралын байдал, гэр бүлийн нөхцөл, хүйсийн ялгаварт үзэл, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас бичиг үсгийн боловсрол эзэмшиж чадаагүй орхигдсон хүүхэд, насанд хүрэгчдэд суралцах нөхцөлийн адил тэгш боломж, эрхийг хангах замаар тэдэнд бичиг үсгийн болон боловсрол нөхөн олгоход оршино. Үндэсний цөөнхийн хэл, соёлыг хүндэтгэх, тэдэнд эх хэл, соёлоо хөгжүүлэхэд нь адил тэгш боломж, нөхцөлөөр хангана.

4.5. Олон нийтийн оролцоо, дэмжлэг

Хөтөлбөрийг төрийн бус болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн идэвхтэй оролцоо, өргөн түншлэлийг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих үндсэн дээр хэрэгжүүлнэ. Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, өрх гэр бүлийн орлого нэмэгдүүлэх, хүн амын амьдралын болон амьжиргааны арга ухаан, чадварыг бэхжүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалттай бичиг үсгийн боловсролыг хослуулан олгох талаар иргэд, олон нийт, байгууллага, орон нутгаас гарч байгаа бүхий л үүсгэл санаачилгуудыг Засгийн газраас урамшуулан дэмжинэ.

4.6. Мэдээлэл, холбоо харилцааны технологид тулгуурлах

Бичиг үсгийн боловсролын сургалтын сурах бичиг, сургалтын гарын авлагуудыг боловсруулахад мэдээлэл, холбоо харилцааны технологийг өргөнөөр ашиглах, зайны сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах үндсэн дээр нийтэд хүртээмжтэй, уян хатан зохион байгуулах боломжийг бий болгоно.

4.7. Боловсролын бусад бодлого, хөтөлбөртэй бичиг үсгийн боловсролыг уялдуулах

Хөтөлбөрийг Улсын Их Хурлаас 1995 онд баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр“, Улсын Их Хурлаас 2003 онд баталсан “Латин үсгийн үндэсний хөтөлбөр“, 2000 онд Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын мэдээлэл,харилцаа холбооны технологийг хөгжүүлэх үзэл баримтлал“-тай нягт уялдаа холбоотойгоор хэрэгжүүлнэ.

4.8. Олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлах

Бичиг үсгийн боловсролын талаархи олон улс, бүс нутгийн бодлоготой нягт уялдуулах үндсэн дээр олон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгуурлан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Тав. Хөтөлбөрийн үйл ажиллагааны  үндсэн чиглэл

5.1. Бичиг үсгийн боловсролын таатай орчин бүрдүүлэх үндсэн дээр бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрмөсөн устган, 2008 онд насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын түвшинг 99.0 хувиас доошгүй хэмжээнд хүргэж бичиг үсгийн боловсролын хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зорилтын талаар

Бодлого,эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх,сургалтыг зохион байгуулах

5.1.1. Бичиг үсгийн боловсролын нөхцөл байдлыг үнэлэх суурь судалгааны аргачлалыг боловсруулах, судалгааг зохион байгуулах. Энэхүү судалгаа нь дор дурдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгоно. Үүнд:

-сургууль завсардсан болон сургуулийн гадна байгаа сургуулийн насны хүүхдүүд, бичиг үсэг үл мэдэгч хүн амын тоог нарийвчлан тодорхойлж тулгамдаж байгаа бэрхшээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэх,

-бичиг үсгийн боловсрол олгох шаардлагатай хүүхэд, насанд хүрэгчдийн бүлгийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг илрүүлэх,

-Засгийн газар, салбарын яамд, аймаг, нийслэлийн түвшинд зохицуулах шаардлагатай бодлого, эрх зүйн дэмжлэгийг  тодорхойлох.

5.1.2. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах, тогтвортой хөгжил, хүний хөгжлийн төлөө Засгийн газар, салбарын яамд хандивлагч орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн уялдаа холбоо, зохицуулалтыг сайжруулах үндсэн дээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлын санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрүүдийг бий болгох,  шаардлагатай зардлыг улсын төсөвт тусгах.

5.1.3. Боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах асуудлыг бүхий л талаар дэмжиж,  нийгмийн ядуу, эмзэг бүлгийн өрхийн хүүхэд, иргэдийг бичиг үсэгт сургах, тэдэнд суурь болон мэргэжлийн боловсрол   эзэмших адил, тэгш боломжийг бүрдүүлэх,бүс нутаг,хот,хөдөө,нас,хүйсийн ялгааг үл харгалзан үндэсний цөөнхийн эрх ашгийг тооцсон бичиг үсгийн боловсролын тэнцвэртэй байдлыг хангах бодлого, эрх зүй, үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлэх.

5.1.4. Бичиг үсгийн боловсролын суурь судалгааны үр дүнд тулгуурлан сургуулийн өмнөх насны хүүхдийг сургуульд бэлтгэх, сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, сургуулийн насны сургуульд хамрагдаагүй хүүхдүүдэд суурь боловсрол нөхөн олгох, бичиг үсэгт тайлагдаагүй насанд хүрэгчдийг бичиг үсэгт тайлах, амьдрах арга ухаан болон мэргэжлийн боловсрол олгох асуудлуудыг хамарсан өргөн цар хүрээтэй, харилцан уялдаа бүхий стратегийн төлөвлөлт, үйл ажиллагааны төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

5.1.5. Сургууль,анги танхимд хүүхдийн суралцах эрмэлзлийг  өдөөсөн нийгэм, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, эцэг, эхчүүд (асран хамгаалагчид)-эд хүүхдийнхээ боловсрох эрхийг дэмжих ухамсар, чадварыг бэхжүүлэх үндсэн дээр сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх.

5.1.6. Дор дурдсан нийгмийн бүлгүүдэд зориулсан бичиг үсгийн боловсролын тусгай сургалт зохион байгуулах:

-сургуулийн гадна байгаа сургуулийн насны хүүхэд, залуучуудыг бичиг үсэгт сургах, суурь боловсролыг заавал нөхөн эзэмшүүлэх;

-бичиг үсэг үл мэдэгч насанд хүрэгсдийг, нэн ялангуяа нийгмийн эмзэг, ядуу хэсэг, хөдөөгийн бичиг үсэг үл мэдэгчдийг бичиг үсэгт сургах, тэдний амьдралын болон амьжиргааны арга ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх;

-бичиг үсэг үл мэдэх болон бага мэдэх хугацаат цэргийн албан хаагчдыг бичиг үсэгт сургах;

-орон нутаг, нутгийн иргэдийн оролцоотойгоор үндэсний цөөнхийн доторхи бичиг үсэг үл мэдэгчдийг бичиг үсэгт сургах.

5.1.7.Хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн, үр дүнтэй, оновчтой сургалтын олон хэлбэрүүдийг ашиглах замаар бичиг үсгийн боловсролын сургалтын хүртээмж, үр ашиг, чанарыг дээшлүүлэх. Үүнд:

-мэдээлэл, холбоо харилцааны технологид суурилсан зайны  болон хөдөлгөөнт, эсхүл холимог сургалтын хэлбэрийг ашиглах замаар хүн амын нэн ялангуяа хөдөө орон нутаг дахь бичиг үсгийн боловсролын үйлчилгээний хүртээмж,хамрах хүрээг  нэмэгдүүлэх;

-бага, суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг албан болон албан бус боловсролын тогтолцоонд тулгуурлан зохион байгуулах;

-бичиг үсгийн боловсролыг өрх гэр бүлийн орлого нэмэгдүүлэх, хүн амын амьдрах болон амьжиргааны арга ухаан, чадварыг бэхжүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалттай хослуулан эзэмшүүлэх сургалтыг ядуурал, ажилгүйдлийг бууруулах, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх.

Сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага

5.1.8. Сургуулийн насны болон өсвөр идэр насны бичиг үсэг үл мэдэгч хүүхдүүдэд дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсролыг нөхөн эзэмшүүлэх уян хатан сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулах, түүнд нийцсэн сурах бичиг, сургалтын гарын авлагыг боловсруулан хэвлэх

5.1.9. Сургууль завсардсан болон сургуулиас хэт алслагдсан өрхийн хүүхдүүдэд зориулсан бага боловсрол эзэмшүүлэх холимог бүлгийн сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулах, түүнд нийцсэн сурах бичгийг боловсруулан хэвлэх

5.1.10. Бичиг үсэг үл мэдэгч болон бичиг үсгийн боловсролын чадвар сул насанд хүрэгсдийн хэрэгцээ, онцлог, тэдний бичиг үсгийн боловсролын түвшинд тохирсон ялгаатай, олон хувилбартай бичиг үсгийн сургалтын албан бус боловсролын хөтөлбөр,гарын авлагуудыг боловсруулах, турших, хэвлэх. Үүнд:

-анхан шатны хөтөлбөрийн агуулга нь бичиг үсэгт тайлахын зэрэгцээ монгол хэл, математик, эрүүл аж төрөх ухааны мэдлэг чадвар, бие даан сурах арга барил эзэмших боломжийг бүрдүүлэх;

-дунд шатны хөтөлбөрийн агуулга нь анхан шатны хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг,чадварыг гүнзгийрүүлэх буюу бичиг үсгийн мэдлэг, чадвараа амьдралд хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэхийн зэрэгцээ орон нутгийн хэрэгцээ шаардлагад тохирсон өрхийн болон жижиг үйлдвэрлэлийн технологийг танилцуулах;

-гүнзгийрүүлсэн шатны хөтөлбөр нь бичиг үсгийн боловсролыг өөрийн амьдрал ахуйдаа бүтээлчээр ашиглах, нийгмийн харилцаанд бие даан оролцох чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ бие даан ажил эрхлэх, жижиг, дунд бизнес эрхлэхэд шаардагдах хууль эрх зүй, банк, санхүү, зах зээлийн эдийн засгийн мэдлэгийг эзэмшүүлэх, мэдээлэл холбооны технологийг ашиглах, латин үсэг, монгол бичгийг хэрэглэх анхан шатны чадварыг бий болгоход тус тус чиглэгдэнэ.

5.1.11. Бичиг үсгийн боловсролын зайны сургалтын олон хувилбарт аудио, видео, CD, DVD материалиудыг боловсруулах, мэдээлэл, холбоо харилцааны сүлжээ, үндэсний болон орон нутгийн радио, телевизийн нэвтрүүлгээр бичиг үсгийн сургалтыг зохион байгуулах.

Хүний нөөц, багшлах боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх:

5.1.12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд бичиг үсгийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, менежментийн чадавхийг сайжруулах;

5.1.13. Бичиг үсгийн боловсролын удирдлага, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг боловсруулах, сургалтыг зохион байгуулах;

5.1.14. Холимог бүлэг, дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулах албан  болон албан бус боловсролын багш нарт сургалтын арга зүйг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах;

5.1.15. Албан бус боловсролын багш нарыг бичиг үсгийн боловсролын ялгаатай түвшний сургалтыг зохион байгуулах арга зүйд сургах.

5.2. Судалгааны үр дүн, мэдээллийн санд тулгуурласан мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх зорилтын талаар:

5.2.1. Бичиг үсгийн боловсролын талаархи мэдээлэл цуглуулах, статистик, мэдээллийн үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх компьютерийн программ хангамжийг бий болгох;

5.2.2. Үндэсний статистикийн газартай хамтран бичиг үсгийн боловсролын талаар нэмэлт мэдээлэл цуглуулах үзүүлэлтүүдийг гаргах замаар хүн амын бичиг үсгийн боловсролын түвшин, хэрэглээ, үр нөлөөг хянах боломжийг бүрдүүлэх;

5.2.3. Хүн амын бичиг үсгийн боловсролын түвшин, хэрэглээний чадварыг тогтоох түүвэр судалгааны аргачлалыг боловсруулах, бичиг үсгийн боловсролын түвшингийн өөрчлөлтийг хянах судалгааг зохион байгуулж байх;

5.2.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтвортой, байнгын тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр бичиг үсгийн боловсролын үндэсний мэдээллийн баазыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд байгуулах;

5.2.5. Бичиг үсгийн боловсролын байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, бодлого стратеги боловсруулахад шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөр, арга зүй, сургалтын гарын авлагыг зохиох, сургалтыг зохион байгуулах арга зүй, зөвлөмжийг боловсруулах чиг үүрэг бүхий “Бичиг үсгийн боловсролын нөөцийн төв”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвд байгуулах;

5.2.6. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жил бүрийн тайлан-мэдээг “Бүх нийтийн боловсролын үндэсний форум”-аар хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, хамтын ажиллагааг форумын гишүүн төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах;

5.2.7. Хүн амын бичиг үсэгт тайлагдалтын түвшин, хэрэглээний чадварыг тодорхойлох үнэлгээний ажлыг хөтөлбөрийн дунд хугацаанд (2008 оны эцэст) улсын хэмжээнд зохион байгуулах.

5.3. Олон нийтийн оролцоо, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бичиг үсгийн боловсролын олон талт нөөцийн эх үүсвэрийг бий болгох зорилтын талаар:

5.3.1. Хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх бүхий л үйл ажиллагаанд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, тус тусын чиг үүргийн дагуу оролцох оролцоо, хамтын хариуцлагыг тодорхойлох, тэдний идэвхтэй дэмжлэг, түншлэл, хамтын оролцоог бий болгох;

5.3.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийт, олон улсын болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын идэвхтэй оролцоо, дэмжлэг туслалцаа, үүсгэл санаачилгыг бий болгох таатай орчин, тогтолцоог бүрдүүлэх;

5.3.3. Хөтөлбөрийн талаар иргэд, олон нийтийн нэгдмэл ойлголтыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор мэдээлэл, сурталчилгааны материалиудыг боловсруулах, хэвлэх, сурталчлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажиллаж, амжилт гаргаж буй нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, багш нарыг урамшуулан дэмжих, тэдний туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

5.3.4. Бүх нийтийн боловсролын төлөө Засгийн газар, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан түншлэлийн механизмд тулгуурлан олон улсын хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг ядуурал, ажилгүйдлийг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, бүх нийтийн боловсролын талаархи олон улс, бүс нутгийн бодлоготой нягт уялдуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

5.3.5. Олон улсын, нэн ялангуяа НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын банк,санхүүгийн байгууллагуудтай хамтран хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх.

5.4. Бичиг үсгийн боловсролыг дэмжсэн нийгэм, соёлын таатай орчин бүрдүүлэх зорилтын талаар:

5.4.1. Бичиг үсэгт тайлах, бичиг үсэгт тайлагдсаны дараахь тасралтгүй боловсролыг дэмжсэн ном хэвлэл, соёлын таатай орчин бүрдүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх;

5.4.2. Ерөнхий боловсролын сургууль, орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хүн амын дунд нэн ялангуяа хүүхэд багачуудын ном унших соёлыг урамшуулан дэмжих үндсэн дээр орон нутаг, сургууль бүр дээр бичиг, соёлыг дэмжсэн орчинг бий болгох;

5.4.3. Иргэд, хүүхдүүдийг үндэсний бичиг, соёлын эх өв болсон монгол бичиг болон латин үсэгт суралцах сонирхол тэмүүллийг дэмжин урамшуулах, монгол бичиг, латин үсгийн хэрэглээний сонирхолтой орчинг бий болгох;

5.4.4. Бүх шатны сургуулиудын компьютер, мэдээлэл зүйн хичээлийн сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүйг өөрчлөн шинэчлэх, ерөнхий боловсролын сургуулиудын компьютерийн хангалтыг эрс сайжруулах, сургуулиудыг интернэт сүлжээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх замаар компьютер, мэдээлэл зүйн сургалтын чанарыг сайжруулах;

5.4.5. Бүх нийтэд мэдээлэл, холбооны технологийг танилцуулах, мэдээлэл, холбооны техонологийг ашиглан мэдээлэл хүлээн авах, дамжуулах, ашиглах чадварт иргэдийг сургах талаар мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн сонирхол, үүсгэл санааичлгыг хөхиүлэн дэмжих.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийг үндэсний түвшинд захиргааны удирдлагаар хангах ажлыг салбарын яамд, төрийн байгууллагуудын оролцоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, орон нутгийн үөвшинд аймаг, нийслэл, сум дүүрэг, баг, хороодын Засаг дарга хариуцан гүйцэтгэнэ.

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлагаар хангах,түүний зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зохицуулалтыг хийх, тайлан мэдээ, мэдээллийг гаргах, сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах чиг үүргийг үндэсний түвшинд салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв, орон нутгийн түвшинд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар,  сум, дүүргийн Албан бус боловсролын гэгээрлийн төв тус тус хариуцан гүйцэтгэнэ.

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүнд шаардагдах хүний болон санхүүгийн  нөөцийн эх үүсвэрийг шийдвэрлэх, хөтөлбөрийн үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын үйл ажиллагааны зохицуулалтыг хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэн цаашдын нэгдсэн үйл ажиллагааны удирдлага, төлөвлөлт хийх ажлыг бүх нийтийн боловсролын төлөө Засгийн газар, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын хамтын үүрэг хариуцлага, хүчин чармайлтын дор байгуулагдсан Бүх нийтийн боловсролын үндэсний форум хариуцан гүйцэтгэнэ.

Долоо.  Хөтөлбөрийн хугацаа

Хөтөлбөрийг Монгол Улсын боловсролын хөгжлийн бодлого болон “Бичигтэн болох НҮБ-ын арван жил: Бүх нийтийн боловсрол“-ын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганы тогтоолыг хэрэгжүүлэхтэй уялдуулан 2012 он хүртэлх хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:

Нэгдүгээр үе шат :              2004-2008 он

Хоёрдугаар үе шат:           2009-2012 он

Найм. Хөтөлбөрийн санхүүжилт

Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

а/улсын болон орон нутгийн төсөв;

б/хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламж, хандив;

в/төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;

г/бусад эх үүсвэр.

Ес. Хүлээгдэж байгаа үр дүн

Шууд үр дүн:

-насанд хүрэгсдийн бичиг үсэгт тайлагдалтын түвшин 2008 он гэхэд 99.0 хувиас доошгүй хэмжээнд хүрнэ;

-сургууль завсардалтын хувийн жин 2012 он гэхэд 1.0 хувиас илүүгүй түвшинд хүрнэ;

-бага боловсрол, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин 2012 он гэхэд 99.0 хувиас доошгүй түвшинд тус тус хүрнэ;

-бичиг үсгийн болон суурь боловсрол дахь хүйсийн ялгаатай байдлыг халах, 2008 он гэхэд насанд хүрэгсдийн бичиг үсгийн боловсролын түвшинд, 2012 он гэхэд суурь боловсролын түвшинд хүйсийн тэнцвэрт байдалд хүрнэ;

-хүн амын бичиг үсгийн боловсролын хэрэглээний чадвар дээшилнэ;

-хүний хөгжлийг бэхжүүлэх үндсэн дээр хүн амын амьдрах болон амьжиргааны чадвар сайжирна;

-бичиг үсгийн боловсролын үйлчилгээний уян хатан, тасралтгүй, нээлттэй, хүртээмжтэй, таатай орчин бий болно;

-бичиг үсгийн боловсролыг дэмжсэн нийгэм, соёлын таатай орчин бий болно.

Шууд бус үр дүн буюу нийгэм эдийн засаг,хүний хөгжилд үзүүлэх үр нөлөө:

-ядуурал, ажилгүйдлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ;

-бүс нутаг, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ;

-боловсролооор дамжуулан нийгмийн харилцаанд тэгш байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Арав . Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт

Хөтөлбөрийн хэрэгжилтийг дор дурдсан тоон болон чанарын шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэнэ. Үүнд:

Тоон үнэлгээний үзүүлэлтүүд:

-насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын хувийн жин (он, нас, хүйс, хот, хөдөө, бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн ангиллаар);

-бага, суурь, бүрэн дунд боловсролын хамран сургалтын бохир, цэвэр жин (он, хүйс, хот, хөдөө, бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургуулийн ангиллаар);

-бага, суурь боловсролын түвшин дэх сургууль завсардалтын хувийн жин (он, нас, анги, хүйс, хот, хөдөө, бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, шалтгааны ангиллаар);

-бага, суурь боловсрол эзэмшилтийн хувийн жин (он, хүйс, хот,хөдөө,аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургуулийн ангиллаар);

-бичиг үсгийн болон бага, суурь боловсролд зарцуулсан санхүүжилт, түүний үр ашиг (он, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтын ангилал, хот, хөдөө, хөрөнгийн хэмжээ, түүний үр шимийг хүртэгчдийн үзүүлэлтүүдээр).

Чанарын үнэлгээний үзүүлэлтүүд:

-бичиг үсгийн боловсролын үйлчилгээний уян хатан, тасралтгүй, нээлттэй, хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлсэн байдал (сургалтын тогтолцоо, үйлчилгээний хэлбэр түүний хүртээмж, хамрах хүрээ, хэрэгцээг хангаж буй байдал; хүний нөөцийн болон багшлах боловсон хүчний чадавхи; сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйн чанар; сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж, түүний төрөл, ашиглалтын байдал);

-хүний хөгжлийг хангах үндсэн дээр хүн амын амьдралын болон амьжиргааны чадвар сайжирсан байдал (бичиг үсэгт тайлагдсан болон боловсрол нөхөн эзэмшсэний үр дүнд өрх гэр бүлийн аж байдлыг сaйжруулсан байдал ба түүний үр нөлөөгөөр баг, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээнд ядуурал, ажилгүйдлийг бууруулахад үзүүлсэн хувь нэмэр; хүний хөгжлийн үзүүлэлтэд бичиг үсгийн боловсролын үзүүлсэн үр нөлөө ба эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн уялдаа холбоо);

-олон нийтийн оролцоо, нийгмийн түншлэлийг бий болгосон байдал  (Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын оролцоо, түүний үр дүнд санхүүгийн болон хүний нөөцийн, бусад эх үүсвэрийг бий болгосон байдал; олон нийт, нийгмийн түншлэлд тулгуурласан тогтвортой, байнгын үйл ажиллагааны бүтэц бүрэлдсэн байдал, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түүний үзүүлсэн үр нөлөө);

-сургууль, анги танхимд хүүхдийг сургуульд татсан, тэдний суралцах, хөгжих эрмэлзлийг дэмжсэн нийгэм, сэтгэл зүйн таатай орчин бүрдсэн байдал (сургууль, анги танхимд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн байдал, сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэхэд түүний үзүүлсэн нөлөө);

-нийгэм, соёлын таатай орчин бүрдсэн байдал (бичиг үсгийн боловсролд ном хэвлэл, соёлын орчны үзүүлсэн үр нөлөө; хүн амын монгол бичиг, латин үсэг, цахим бичиг үсгийн хэрэглээний болон мэдээлэл, холбооны технологийг ашиглах чадварын өөрчлөлт ба хүний хөгжилд түүний үзүүлсэн үр нөлөө).

—оОо—

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 2009 оны 01 сарын 05 )

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: