Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Билгүүн номч, их бичгийн хүн Еншөөбүү Бямбын Ринчен (1905-1977)


Төрсөн махбод нь XX зуунд тохиосноос биш, төрмөл ухаан, оюуны цараа нь балар эртний “Заан залуудай” , “Их нүүдэл”-ээс “Нууцыг задруулсан захиа”, “Гүнж” , “Цогт тайж”, “Сандо амбан”, “Үүрийн туяа”, хүртэл монголын соёл иргэншилийн үе үе бүхнийг эзэгнэнхэн төрсөн хэтэрхий билиг танхай, бүлгүүн номч, номун далай, Бямбын Ринчен хэмээх оюуны манлай, оройн дээд, замбутивийн чимэг, их бичгийн энэ хүн Монголын түүхэнд үүрийн цолмон адил гэрэлтэн мөнхөрчээ.

Гэрэл зургийг Р.Гомбожав

Монголын ард түмний сэтгэл зүрхэнд ухааны бэлгэдэл, ардын домогт баатар шиг шингэж ууссан эрдэмт хүмүүнийг элбэгдүүхэн хүрэн тэрмэн дээл өмсөж, дээлийнхээ ханцуйг эрхий хуруугаараа мухлайдан атгаж, мөнгөн толь шигтгэсэн суран бүс хантайрч, арслангийн зогдор шиг өл буурал цагаан үсээ намирууланхан, их жанжин Сүхийн талбайгаар хөндлөн гулд ихэмсэг, зоримог, тансагхан алхаж явах барааг нь алсаас олонтоо харж, бас ч дуу хоолой, үг сургааль айлдахыг нь хэдэнтээ сонсох завшаан олсондоо бусдын адил бахархан бишрэх сэтгэл төрдөг юм. Олон шавь, бишрэгч, хамтран зүтгэгсэдийн дурдатгалаас үзвэл Ри багш “Бусдыг чин сэтгэлээс сургадаг, хүнийг их, бага гэж ялгадаггүй, хэнийг ч чи гэж дууддаггүй, ач гучаа ч та л гэж хүндэлдэг. 2 гараа хавсарч ярьдаг, хэнээс ч айж эмээдэггүй, зоригтой хэлдэг, орой руу орох үгийг тархинд нь тас хийтэл, ясанд нь ян хийтэл хэлдэг, хатуу боловч үнэн үгэнд дуртай, мэдлэг чадвар дульхан, ихийг мэдэгчийн дүр исгэгчдэд үнэнхүү дургүй, хошин ёж үгээр ташуурдах дуртай, дүр байдал ихэмсэг жавхлантай, их даруу, номхон зөөлөн, хааяа хүнийг нэвт шувт ширтдэг, аяглан дүрсгүйтсэн ач гучаа бариад уячихдаг, тамхи л бол тамхи, голж шилэхийг мэдэхгүй татчихдаг…” ийм л эгэл нэгэн хүн байжээ. Б.Ринчен багшийн сэтгэх нь циркийн шидэх банзны ойлт шиг, бодох завгүй, дор нь хариуг барьдаг, хурц түргэнээрээ гайхалтай байжээ. Нэгэн бээр Ри багшийн дугуй малгайны нь оройн товч унасны ормоор буурал үс цухуйсныг хараад:

-Ринчен гуай таны наад толгой дээрх чинь малгай юм уу, юу юм бэ? гэхэд нь ёжтойгоор мушилзаж
-Миний энэ нь эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай юм болохоороо малгай нь чиг малгай л даа. Харин таны наад ганган бүрхний доорх чинь толгой юм уу? юу юм бэ? гэсэн гэдэг.

“ Үндэсний соёл, ертөнцийн, боловсролд _нүд нээж байж, сэхээтэн хүн ард олныхоо ухааны” есөн сүвийг” нээхэд тус болж чадна. Орчлонг нэг биш, хэд хэдэн цонхоор харах юмсан. Үүний тул “бага залуудаа махаа идэж, өвгөрч өтөлсөн хойно шөлөө ууж суух сайхан шүү. Одоо л шамдаж үз”гэж сургаж явдаг байжээ. Академич Б.Ринчен монгол хэл бичиг, ардын билиг зүй, угсаатны зүй, бөө судлал, утга зохиол, нэр томъёо, түүх, утга зүй, соёл судлал тэргүүтэн монголын судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний ганц сэдэвт зохиол, ном, товхимол, өгүүлэл, тэмдэглэл, нийтлэл, нийтдээ 500 гаруй бүтээл туурвижээ. Монгол улсын хэл шинжлэлийн ухааны ууган доктор Б.Ринчены судалгааны бүтээлээс хамгийн дорвитой нь 1986 онд Мажар улсын ШУА-д докторын зэрэг хамгаалсан 1100  гаруй тал хуудастай “Монгол бичгийн хэлний зүй”  хэмээх 4 дэвтэр бүтээл юм. Энэ суурь судалгааны бүтээлийг хэдийгээр хэл шинжлэлийн бүтээл хэмээдэг боловч урт утсыг учигнаас нь ончруулан урлан шаглах мэт тухайн судлагдахууныг зүйл бүрийн шинжлэх ухааны онол баримтаар баяжуулан туурвиснаас түүний мэдлэлийн цараа хичнээн мэднэ. Түүний эл бүтээлдээ дэвшүүлсэн судалгаа, шинэ санаа нь монгол хэл шинжлэлийн хүрээнээс нэгэнтээ хальсан бөгөөд цаашдаа ч Алтай судлалаар эртний Орхон (түрэг) бичиг, манж-түнгүс хэл, хамниган аялгууны талаар баялаг судлагаа хийжээ. Иймээс ч 1958 онд олон улсын фин-угорын нийгэмлэгийн хүндэт профессор цол, 1965 онд олон улсын Алтай судлалын байнгын хурал алтан медаль хүртээж, 1970 онд БНУАУ-ын ШУА-ны хүндэт гишүүнээр сонгож байв. Академич Б.Ринчений идэвхитэй санаачлага шууд удирдлагаар “Монгол ард улсын угсаатны судлал хэлний шинжлэлийн атлас” хэмээх хамтын бүтээл туурвисан нь монголын судлалд бас нэгэн шинэ хуудас нэмжээ.

Тэрээр ардын билиг зүй, монгол зан үйлийн аман зохиолыг тусгайлан судлаж цуврал ном, бөө судлалын цуврал бүтээлийг Германд хэвлүүлсэн нь дэлхийн монгол ч эрдэмтдийн анхаарлыг ихэд татсан юм. Б.Ринчен багш, дэлхийн соёлын жинчин, билиг танхай дуун хөрвүүлэгч, гүүш хүн байв. Тэрээр дэлхийн наран гархуйн зүгээс наран шингэхүйн зүгийн 20 гаруй орны 70-д зохиолчийн 240 орчим нэр төрлийн бүтээлийг орос, англи, франц, польш, чех, мажар хэлнээс орчуулж монгол уншигчиддаа шинэ ертөнцийг нээх буянт үйлс бүтээсэн бөгөөд орчуулгын онол, арга зүй шүүмжлэлийг хөгжүүлэх талаар үлэмж чармайлт гаргажээ. Ри багш гадаадын сайн зохиолчийн “махыг нь идэх”-ийг үзэж чаддаггүй байсан бөгөөд “…

Заримдаг боловсролт орчуулагчтай
Заяагаа холбосон зохиол хөөрхий.
Марк Твений Хунтайзыг бид
Манай Монголд жонон болгохыг үзлээ.
Чих толгой чирч явбал
Чивтэй чавганц үзэх гэхч буй” хэмээн хатуухан үгээр шилбүүрдэж байв.

Их эрдэмтэн Б.Ринчен монголын орчин үеийн ахмад төлөөлөгч, хувьсгалын уран зохиолч бүлгэмжийн ууган төлөөлөгчдийн нэг. Зохиолч, сэтгүүлч, билиг төгөлдөр бичгийн хүн байлаа. Зохиолч Б.Ринченд “Цогт тайж” хэмээх түүхэн сэдэвтэй кино зохиол бичсэний тул 1945 онд Монгол улсын төрийн шагнал хүртээжээ. Эх тансаг монгол хэлний минь амьд гэрч, их соён гэгээрүүлэгч байжээ.

Ри багшийг их сургуульд хичээл зааж байхад нэгэн удаа оюутан байсан он жилүүдээсээ ярьж өгөөч гэхэд нь тамхиа сорсноо “би аргын тооллын 1924,25,26 онууд билгийн тооллын эр модон үхэр, эр гал бар жилүүдэд оюутан байв” гээд хичээлээ ярьж эхлэхэд нь оюутнууд инээлдэж. Тэгэхээр нь та бүгд буруу асуув уу? Би мөхөс өчив үү? гэсэн гэдэг.

Ри багшийг алмас судлалын дэлхий нийгэмлэгийн гишүүн гэж дуулсан тул оюутнууд ч: – Манай оронд алмас байдаг юм уу? Алмасыг ямар арга замаар хаанаас барьж болох вэ? гэсэн утгатай асуулт бичиж өгчээ. -Алмас нь байдаг юмаа гэхэд барих аргыг сүвэгчлээд олж болох байх. Харин “ямар замаар” гэдгийг би мэдэхгүй юм. Манайхан сүүлийн үед “замаар “арга хэмжээ” гэдэг үгийг их ярьж бичдэг болж. Энэ лав дарга нарын үг байх, аягүй бол “би авгайтайгаа хайрлах замаар танилцсан, хоол идэх замаар цадлаа гэж ярих болж байна уу?” Саяхан нэг дарга сонинд “хонио эрлийзжүүлэх арга хэмжээ авлаа. Одоо адуугаа оторлох арга хэмжээ авч байна” гэж 13 тооны арга хэмжээ хэлсэн байна лээ. “Базарсадын Ба олон, баастай сархинагны салбан олон” гэдэг энэ дээ гэж шүүмжилсэн ажээ.

Энэ агуу хүний алдар дэлхийн эрдэмтдийн дотор тархаж, тэдний бишрэл, хүндэтгэлийг хүлээж байлаа. Нэрт монголч эрдэмтэн Гумилев “Түүний дорнын тансаг хувцас, цог заль төгс царай, намба төгөлдөр алхааг үзэхдээ манай байшингийнхан цөмөөрөө гайхан бахдаж, энэ гайхамшигтай хүнийг харах гэж цонх хаалгаараа шагайж байлаа. Б.Ринчен ирээд явсаны дараа тэр ч байтугай миний орон байрыг сайжруулж өгөе гэцгээснийг би хэлмээр байна” гэж сонинд ярилцлага өгч байжээ. Монголын ард түмний сор сэхээтнийг хомроглон хэлмэгдүүлсэн, чивэлт хар хэрэг их бичгийн хүн Б.Ринченг тойрсонгүй дайрсан юм. “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул, феодалын үеийг магтагч, жижиг хөрөнгөтний үзэлтэн, зөвлөлтийн эрдэмтдийг шүүмжлэгч, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг хялайн үзэгч, хуучны соёлыг дөвийлгөгч, социалист Монголын хөгжлийг үгүйсгэгч гээд л ганц хүнд онооход давж давмааргүй хүнд ял зэм оноож, “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана.”

“Баримталдаг үзлийг нь хэлбэл идеализм
Бардам зантайг нь хэлбэл архаизм
Бахархдаг соёлыг нь үзвэл феодализм
Багтай байхыг нь харвал социализм
Одоо үеийг гүтгэн доромжлохдоо
Онгод нь ордог төрөлх зангаараа
Балар үеийг бахдаж ярихдаа
Байдаг тэнхлээ бардаг хэвээрээ
Урсгасан нь ч их ч утга нь хоосон
Уншсан нь овоо ч сурсан нь бага
Таарах таарахгүй баг углаад
Танхайрч явдагаа татах болжээ” гэх мэтээр “Далан настанд даруулга хэрэгтэй” хэмээх дайрал шүлгээр доромжлон тархидаж “ Одоо хуучин бичгийн хэлийг амь оруулах гэж байгаа Б.Ринчений оролдлого бол хүүрийн ясыг эвлүүлж амь оруулна гэдэгтэй адил хэзээ ч бүтэхгүй зүйл” гэх мэтээр үгэн мэсээр сүлбэж байжээ. Их эрдэмтэн яаж савыг нь хоосон буцаах вэ? Сайн хүний хорыг нь хусахаар шар нь гардаг, шарыг нь хусахаар шар тос нь гардаг. Шалчгар муу хүнийх бол шээс баас 2 нь зэрэг гардаг гэж ярьдаг байжээ.

Хорвоогийн эгэл бор амьдралыг харьцангуй хоосон чанараар онож, билгийн чанад хүрсэн бидний монголын ухаант ард түмэн ертөнцийн мөнх бусыг түгээмэл чанараар нь таньж, “Эзэн нь мөнх, эд нь хэврэг байг” гэж ерөөсөөр атал эгэл жирийн эрдэмт хүмүүнд заяасан насны хэмжээ зуурдаар тасарч, 72-той сүүдэр зэрэгцсэн 1977 оны хавар тэнгэрт хальж, хувилгаан бие нь номын биед егүйдэж, сансрын хорвоог орхиж нирваан хутгийг олсноор монгол хэл шинжлэлийн нэгэн оргил нурж, монголын уран зохиолын билэгт нэгэн од харваж, монголын үндэсний бахархал болсон нэгэн сод хүмүн тантай улсын төв номын сангаас цаг төрийн эрхээр даанч даруухан салах ёслол хийсэндээ. Монгол улсын төрийн шагналт ШУА-гийн жинхэнэ гишүүн (академич), доктор, профессор Еншөөбү Бямбын Ринчен таны гэгээн дүр, үйл амьдрал, эрдэм бүтээл тань үүрд мөнхрөн үлдсэн юм. Алт удах тусам өнгө ордгийн адил их эрдэмтний нэр алдар цаг хугацаа элэх тусам дуурсан тархсаар байна. Б.Ринчен багшийг сэрүүн тунгалаг байхад нь дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн бичсэн:

“Зөвөөс болж зовон амьдралын чинь зам дуусна
Зөрж хараалгасаар л яваад баатар чи орчлонг орхино
Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт
Хатан дэлхийд алдар чинь амьдралаа эхлэнэ” гэсэн шүлгээр өндөрлөе.
Эцэг болсон хөх мөнх тэнгэр аав тандаа мөргөмү
Эх болсон хөрст бор дэлхий этүгэн ээж тандаа мөргөмү
Эзэн богд суу билигт Чингис хаан тандаа мөргөмү
Эрдэм эрдмийн дээд ном судар бичиг тандаа мөргөмү
Энэ насны амьд шүтээн оюунт мэргэн багш тандаа мөргөмү

доктор, профессор Ж. Санжаа (МУБИС – Улаанбаатар ДС)

МУБИС-ийн Монгол Судлалын Сургуулийн багш, авианзүйч Ж. Санжаагийн энэхүү өгүүлэлд хавсаргасан дээрх зургийн түүхийг та бүхэнд мөн хүргэсү:

ӨНӨӨДӨР сониноос:

“Эрт орой
Жанжин Сүхийн талбай тууш
Ринчен гуайн
Алхаж байх нь андашгүйсэн
Элбэг хүрэн дээлийнхээ
Ханцуй хормойг намируулан
Эрхэмсэг буурал үс
Соёо сахлаа хийсгэн явах нь бараатайсан”  гэж  төрийн шагналт зохиолч С.Дашдооров шүлэглэсэн байдаг.

Сонин хэвлэлийн хуудаснаа олонтаа хэвлэгдэж, хүн бүхний танил болсон Ринчен гуайн энэ хөргийг фото сэтгүүлч Р.Гомбожав авчээ. Гэрэл зургийн нэрт мастер Р.Гомбожав агсантай би эртний танил. Аливаа хүнийг албан тушаал, зэрэг цол, алдар хүндээр нь ялгаварлан харьцахыг цээрлэдэг, нийтэч зантай энэ эрхэмтэй нөхөрлөж явсандаа бахархдаг юм. Насны ялгааг умартан найзархаж явахдаа Монгол оронд гэрэл зураг үүсч хөгжсөн  үүх түүхийн талаар мэргэн ахаасаа дуулж сонссон минь арвин. Гэр орноор нь орж гарч явахад томоор угаан жаазалж өлгөсөн энэ гэрэл зураг хойморт нь залран байдагсан. Нэгэн удаа хэрэг болгож асуулаа.

-Та Ринчен гуайн энэ зургийг хэдэн онд хаана авсан юм бэ?
-1973 оны наймдугаар сард авсан зураг. Зохиолчдын хороон дээр нэг хурал ч билүү, цуглаан ч билүү болоод тарж явах замд нь  гудамжинд дарсан юм. Би ер нь өвгөний зургийг олон удаа авсан даа. 1971 онд “Правда” сониноос гэрэл зургийн уралдаан зарлахад “Академич Б.Ринчен” зургаараа оролцож, диплом хүртэл хүртэж байлаа шүү дээ. Өвгөн өөрөө “Йөншөөбүү овогт” гэж бичээрэй гэснийх нь дагуу тайлбараа тэгж бичсэн. Тэр дугаар нь надад бий. Би чамд үзүүлье гээд  1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Правда” сонины /¹322/ “Фотоконкурс Правда-71”-буланд нийтлэгдсэн Ринчен гуайн зур­гийг үзүүлэв. Ринчен гуай гартаа тамхи барин, ном уншиж суух агаад ард нь номын сан, урдах ширээн дээр нь цаас байх ажээ.

-Өөр ямар ямар сонин хэвлэлд  Ринчен гуайн зургийг авч тавьж байв?
-“Монголын залуучууд”, “Новости Монголии”, “Утга зохиол урлаг” зэрэг бараг сонин болгонд авч тавьсан даа. Энэ бас байна гээд нэгэн сонин өгснийг үзвэл 1973 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонины ¹25 дугаарт “БНМАУ-ын төрийн шагналт зохиолч, академич, доктор Б.Ринченгийн тухай гэрэл зургийн  найруулал”  гээд  гурван  гэрэл зураг тавьжээ. Тэрээр цааш нь өгүүлэхдээ:

“…Би өвгөнийхөөр олон  очсон. Авгайгаа та гэж дууддагсан. Намайг ч бас л та гэнэ. Сонин хүн шүү. Тэр их хүний үнэт цагаас нь мөн ч их хороосон доо. Орохоор бичгийн өрөөндөө урина. Авгайдаа Гомбожав гуайд цай гэнэ. Тэгээд цай өгч, багвартай чихэр тавина. Тэнд нь үзэм, ёотон, өнгө өнгийн чихэр байдагсан. Би харин тэднийд хоол идэж үзээгүй. Нэг муу консул гэж бичгийн машинтай. Бид хоёр элдэв л юм ярьж байсан. Нэг удаа надад есөн үеийн тухай тайлбарлан өгч билээ. Та овгоо мэд гэж сургасан.

Тэр тухай ярьж, зурж үзүүлсэн ноорог нь надад бий гээд нэгэн цаас гаргаж үзүүлэв. “1974 оны 11 сарын 11-нд Ринчен багш есөн үеийн тухай ярьж зурсан ноорог” гэж түүн дээр бичжээ. Овоо яагаад тахидаг болсон юм бэ гэдэг чинь есөн үетэй холбоотой гэж надад хэлсэн. Овог болгоны тахидаг овоо гэж өөр өөр байсан. Тэгээд хүн овгоо мэдэхгүйгээс болж цус ойртож байна гэдгийг надад хэлж тайлбарласан.

…Нэг удаа хоёулаа хамтарч Гандангийн тухай өнгөт зурагтай ном бичээд, Германд хэвлүүлье. Та шагналаа очоод авсан ч болно. Банкаар гуйвуулаад авсан ч болно гэсэн. Би дотроо дуртай л байсан. Зохиолч Ч.Чимид ахад хэлсэн чинь “Цаадах чинь Монголд байтугай, дэлхийд нэртэй хүн. Хийж чадна. Элдэв юм тохиолдоход яах ч үгүй, гарч дөнгөнө. Харин чамайг засаг төр элдвээр оролдвол чи яах юм бэ. Чи юу юм бэ? Хэрээ мэд” гэж загнахаар нь нээрээ ч тийм юм уу гэж бодоод больсон. Одоо бодоход би хийдэг л байсан юм. Харамсч явдаг даа, ах нь”   гэж билээ.

Р.Гомбожав гуай бол ХХ зууны Монголын соёл урлагийн зүтгэлтнүүдийн хөргийг гэрэл зурагт мөнхөлсөн гавьяатай хүн. Тэрээр “Гэрэл зураг мөнх үлдэнэ. Амьдрал минь түүнд түүх болон үлдэнэ” гэж хэлдэг байсан. Өнөөдөр  тэрээр бидний дунд байхгүй ч гэлээ бүтээл туурвилаараа өөртөө хөшөө босгож чадсаны  баталгаа нь билгүүн номч Б.Ринчен гуайн дээрх гэрэл зураг ажээ.

//

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: