Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

“ТҮЦ” түүхэн үг болох төлөвтэй, харин “ХОРШОО”…


“ТҮЦ” түүхэн үг болох төлөвтэй, харин “ХОРШОО”…

2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 19:53

(Үг хэллэгийн амь амьдрал, эрчим долгион)

Б.Пүрэв-Очир (МУБИС, профессор)

Аливаа хэлний хэлц ба хэлц бус үг хэллэг болгон үүсэл гарвалтай, агуулга хэлбэртэй, дотоод, гадаад талтай, орон зай, цаг хугацааны орчилтой, тодорхой хувьсал өөрчлөлттэй, хэрэглэгч – хэрэглүүлэгчтэй, ер тэгээд өөр өөрийн “амьдрал, хувьзохиол”–той байдаг. Тиймээс ч манай монголчууд “үгийн амьдрал”, “үг хэллэгийн араншин”, “үг хэллэгийн өнгө аяс”, “үгэнд ижилдвэл цэцэн”, “илдэнд ижилдвэл баатар” г.м–ээр хэлэлцэж ярилцдаг нь учир начиртай юм. Ерөөс, хэл бол амьд зүйл  бөгөөд өөрийн тээгч эзэмнэгчтэй, бие махбодийн өвөрмөц дархлаатай, бүтэц, тогтолцоотой, байгалийн ч шинжтэй, хүн – нийгмийн ч шинжтэй үзэгдэл юм. Тийм учраас ч хэл шинжлэлийн ухаанд “Хүн, юм үзэгдэл байгаа газарт үг хэллэг байна. Үг хэллэг баймаажин ухагдахуун, ойлголт байна” гэж сургадаг.

Монгол хэлний “нүүдэл”, “суудал”, “ууц”, үүц”, “түүх”, “түц~түүц” г.м. наад захын хэдэн үгийг жишээ болгон аваад л, энгийн тайлбар ойлголтоор ч, үгийн гарвалзүй, тайлбар толийн тодорхойлолт томьёоллоор ч, хэлшинжлэлийн нарийн ухааны үүднээс ч аваад үзсэн үүх түүх, амьдрал араншин, хэрэглээний өнгө аяс, эрчим долгион нь тун сонин байдаг. Тухайлж, юуны өмнө, “ууц”, “үүц” гэсэн уугуул монгол үгийнхээ эргэн тойронд, хар бор ухаанаар бодъё л доо. Энэ хоёр үг нь нүүдэлчин монголчуудын хэл ярианд үүсэж, хэрэглэгдсэн цагаас хойш хэдэн зууныг элээж, хэлбэр, бүтцэд нь ч багагүй өөрчлөлт хувьсал орсон байхад, харин утга нь улам тогтворжин бэхжиж, утгын орон нь тэлж, шилжсэн ба салаа утгас нь өргөжсөөр, өдгөө монгол хэлний үгийн сангийн үүд хаалга хавиар бус, чухамхүү уугуул монгол үгсийн сан хөмрөгийн хойморт нь заларчээ. Түүгээр ч үл барам, энэ мэт үгс нь энгийн ярианаас эхлээд, этгээд “хар ярианы” найруулгад ч гол төлөв эерэг үнэлэмжтэй хэрэглэгддэг учир “цагаан сарын ууц”, “найрын ширээний ууц”, “ууц хөндөх”, “ууц таллах”, “үүцээ базаах”, “үүц задлах”, “Эрдэнэтийн овоо, Оюу толгой, Таван толгой, Төмөрт, Цайрт, Мардай … тэргүүтэн нь Монгол улсын эрдэс баялгийн үүц …” г.м.–ээр эрхэм дээд найруулгын үгстэй нөхөрлөж, дархлаа нь улам ч сайжирсаар байдаг зүй тогтолтой ажээ. Ер, хүнийг нөхөрлөсөн андаар нь шинж гэдэг шиг, тухайн үгийг ямар үгтэй нийлдэг, холбогддог, хоршдогоор шинжиж ч бас болох талтай. Тэгэхлээр “нүүдэл”, “суудал”, “үүц”, “ууц” г.м. үгс нь монгол хэлний үгийн сан хөмрөгөөс тийм ч амархан хаягдаж гээгдэхгүй, мартагдан орхигдохгүй, “түүхэн үг”, “хуучин үг”–ийн “хүүдий”–д орчихооргүй, бас харь хэлэнд зээлдэгдэхгүй, хуулбарлагдахгүй, бүдүүлэг үг ярианд бараг хэрэглэгддэггүй онцлогтой бөгөөд нүүдлийн соёл иргэншилт монгол хүний сэтгэлгээний онцлог, утга соёлын дархлааг илэрхийлэн, үгийн сангийн “гал манагч” болж явсаар иржээ.

Нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өчигдрийг нь сүрхий ултай шинжиж, өнөөдрийг нь бодтой шүүмжилж, маргаашийг нь айхавтар угтан эргэцүүлж бодсон хүмүүс л роман зохиолоо “Нүүдэл суудал” ( Л.Түдэв ), түүхэн нийтлэлээ “Нүүдэл суудал” ( Баавар ) гэж бичиж нэрлэсэн нь учир начиртай бөгөөд  ухаалаг зүйл байдгийг энэ ташрамд дурдахад илүүдэх юун.

Гэтэл бидний дээр цухасхан дурдаад өнгөрч буй “нүүдэл”, “суудал”, “үүц”, “ууц” г.м. үгстэй “ТҮЦ–ТҮҮЦ”, “ШАГ”, “АПУ”, “ДОХ”, “СӨХ”, “ТӨХ” г.м. зохиомолдуухан, суурин соёл иргэншлийн таримал, үүсмэл үгсийг зэрэгцүүлэн жишээд, ухаж бодвол их л өөр дүр зураг, зам мөр, амьдрал араншин, эрчим долгионтой болох  нь судлаачийн сонирхлыг татдаг юм.

Нэг. 90–ээд он дөнгөж гарч, бидний монголчууд нийгмийн өөр тогтолцоонд шилжиж, суурин соёл иргэншлийг улам бүр  эрмэлзэж, зах зээлд хөл тавьсхийн байх тэр цагт Эрээн, Улаанбаатарын хооронд “гахай, торой чирэгчид”, “ганзагын наймаачид” сүлжилдэн, хар зах, харанхуй тахир гудамжуудын булан тохойд “шил архи гаргагчид” буюу “шагчид” цугларч, “түргэн үйлчилгээний цэг” гэсэн нэртэй төмөр, модоор хийсэн, том, бага амбаар савнууд хашаа хорооны өнцөг, булан тохой, томоохон байшин сууцны ар өврөөр, явган хүний замыг амдан тосож, ярайж эрийх болж билээ.

Нийгмийн хөдөлгөөний энэ зурвас үед монгол хэлний үгийн сангийн үүд хаалга, энгэр заам баахан задгайрч, этгээд бүдүүлэг үгс, зохиомол үгс, англи, орос, япон, солонгос, хятад зэрэг харь хэлний хуулбар зээлбэр үгс олширч, хотын хаяг адрес, зар сурталчилгааны самбар, бараа бүтээгдэхүүний шошго зэрэг нь ямар ч жолоо цулбуургүй болж, хэлний хуулийг зөрчсөөр өнөөдрийг хүрэв. Улаанбаатар- самбарын хот болов.
.

“Шил архи гаргая!” гэдэг гурван бүрэлдэхүүнт эзэн биегүй өгүүлбэрийг хураагаад, “Ш.А.Г” гэдэг товчилсон нууцлаг  үг, “Түргэн үйлчилгээний цэг” гэдэг нэрлэсэн өгүүлбэрийг цомтгоод, “Т.Ү.Ц” гэдэг товчхон хураангуй үг үүсэж билээ.

“Ш.А.Г”, “Т.Ү.Ц” г.м. хийсвэр товчилсон үгс нь эхэн үедээ нийгмийн тодорхой бүлэглэлийн харилцаанд хэрэглэгдэж, ойлгогдож байснаа улмаар “шар” сонинуудар тархаж, радио, телевизийн хэл ярианд орж, “ярианы хэлний амьдрал” дунд хэдэн жил явжээ. Сайн эргэцүүлээд, бодож тунгаан, хэл талаас нь өчүүхэн судалбар хийж ажиглавал, “Ш.А.Г”, “Т.Ү.Ц” нь үгийн  “язгуур” болж, улмаар “шаг”-аас “шагчин”, “шаглаач”, “шагла”г.м.-ээр,  “түц” –ээс, “түцхэн”, “мүцхэн”, “түцдэх” г.м.-ээр шинэ үг бүтээн үүсэж, “шагчид”, “шагийнхан”, “гашчид (“гаш” гэдэг нь “шаг”-ийн тонгорсон  хэлбэр ажээ ) “түцийнхэн” г.м.–ээр нэрийн олон тооны утгыг авч, “шагийн наймаа”, “шагийн архи”, “супер түц”, “мини түц” г.м.–ээр холбоо үгийг бүтээж, “шаг маг”, “гаш маш”, “түц мүц” г.м.–ээр хоршиж сэлгэж, “Шаг байна уу?” гэсэн маягаар асуух өгүүлбэр болж, “Шаг!” гэхчих төдийд л анхааруулах өгүүлбэрийн утга, аялга, баймж, өнгө аястай болж, нөгөө шатар наадахад хэлдэг ”Шаг!”, “Дуг!”, “Цод!”–ыг санагдуулсаар, ерөөсөө ”шаг”, “түц” маань “үг хэллэгийн амьдрал”–ын сайн сайхан, муу муухай, элдэв явдлыг үзэж, чухамдаа “Толь Гэндэн”–ийн үлгэрээр манаргаж нэг үзжээ. Гэтэл тэгэсхийгээд л цагийн байдал өөрчлөгдөөд явчихав. “ШАГ” гэдэг нөгөө товчилсон нууцлаг үг, “ТҮЦ” гэдэг шинэ үг жагсаалаас гарах тийшээ болов. Аливаа юм цаг хугацаатай гэдэг. Түүхий хүү болгон бэрс гардаггүй гэдэг. Шинэ үг болгон мөнхөд оршдоггүй гэдэг. Монголчууд бие биедээ нөгөө хэцүү нэртийг “шаглах”, “ТҮЦ”–ний ар өврөөр орох, “ТҮЦ” түшин бараадаж, “шаглах дуглах” ямар ч хэрэгцээгүй болоод явчихав. Монголчууд картын бараанаас салж, зах зээлд хөл тавингуутаа л ”Вar”, “Ресторан”, “24-ийн дэлгүүр”, “Шөнийн дэлгүүр”, “Жижүүрийн дэлгүүр”, “Миний дэлгүүр”, “Таны дэлгүүр, мухлаг” –аар дүүрч, “ШАГ”–аас үсрэлт хийн, архин далайд живж, “ТҮЦ”-ээс түргэн хөлжиж, супермаркет, бүдүүн дэлгүүрүүдээр дүүрээд л эхлэнгүүт “ШАГ”, “ТҮЦ” г.м. энэ үгсийн “богинохон амьдрал” дорхноо л бөхөх мөхөх тийшээ болж, тэр л цаг үеийн хэсэг хүний толгойд эсвэл “Шар сонинууд”–ын хуудаснаа, бас хааяахан нэг “шинэ үг”, “товчилсон үг”–ийн толь мольхонд тэмдэглэгдэн “түүхэн үг” болж үлдэх хувь заяатай болох нь харагдсаар  байна.

Өдгөө цагийн цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуус, малчид, тариаланчид, гадаадад ажил алба эрхэлдэг хүмүүс “ШАГ”, “ТҮЦ”–ийг сонирхохоо ч байж, ойлгохоо ч байж, хэрэглэхээ ч болих төлөвтэй. Ингэж л үг, ухагдахуун, ойлголт хуучирдаг жам ёстой ажээ. Ингээд л “ТҮЦ” түүхэн үг болох төлөврүүгээ явж  байна. Гэхдээ л сүүлчийн “түц” Багшийн дээдийн (хуучнаар) зүүн талаас ачигдаагүй, арчигдаагүй байсаар…

Хоёр. Аливаа юм, үзэгдэл нь цаг хугацаатайн эрхээр монгол хэлний өдий төдий үг, ухагдахуун, ойлголт хуучирсаар иржээ. Одоо үеийн монгол хэлний үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн, найруулга бүрэлдэхүүнийг тусгайлан судалж үзвэл, өмнөх нийгмийн тогтолцоо буюу социализмын үед чухамхүү хамгийн их давтамжтай, хэрэглээний талаасаа идэвхтэй үгсийн санд хамаарагдаж байсан үг хэллэг “хуучирсан үг”, “түүхэн үг”–ийн эгнээнд шилжсээр утга нь ойлгогдохоо байж, уг юм, ухагдахуун нь байхгүй болж, өдрөөс өдөрт мартагдан, найруулгын төрлүүдэд хэрэглэгдэх нь хязгаарлагдаж, зөвхөн “Толь бичиг”–ийн үг болж үлдэж бүдгэрдэг хандлагатай болсоор буйг анзаарч болно. Тухайлбал, тийм үг, хэллэгийн наад захын жишээ болгож: Санал гомдлын дэвтэр, таван жилийн төлөвлөгөө, …дугаар таван жилийн гавшгайч, “Лениний зам” (сонин), улаан булан, “Социализмын зам” (нэгдэл), сайшаалын үнэмлэх, баярын бичиг, хөдөлмөр өдөр, хөдөлмөрийн хөлс, ноос ноолуурын ноогдол, зуун мянгат (жолооч), мал мах, намын орлогч, бүлгэмийн зөвлөл, бүлгийн дарга, салаан дарга, эвлэлийн бат илэрхийлэх, ударник, депутат, артель, империалист гүрэн, хөрөнгөтөн орон, орон бүхний пролитари нар, хүйтэн дайн, сэргийлэгч, улс ардын аж ахуй, сангийн аж ахуй, морин станц, нэгдлийн гишүүн, нэгдлийн холбооны дээр зөвлөл, нэгдлийн дарга, нэгдэл, хоршоодын холбоо, хоршоо дарга, хоршоо г.м. өдий төдий үг хэллэг, нэртомьёог дурдаж болно.

“Нэгдэл”, “хоршоо” хоёр нэг хэсэгтээ уралдаж, өрсөлдөж, хааяа зуузай холбож явлаа. Энэ хоёр үг тухайн үедээ шив шинэхэн үг байж билээ. Хэрэглээний байдал, талбарыг нь ажиглавал, “Нэгдэл” гэдэг үг нь илүү идэвхтэй, утга агуулга нь өргөн, сонин нийтлэлийн найруулга дахь давтамжаараа нөгөө “хоршоо”–гоос түрүүлж байсан юм. Хэл найруулгын талаас нь ажигласан үед Монголд байсан хэдэн зуун “нэгдэлүүд”–ийн тодотгол нь их л чимэгтэй сонин, уриа лоозонгийн аястай байдаг нь судлууштай л хөөрхөн сэдэв юм. Тухайлбал:

“Их эхлэлт” нэгдэл
“Социализмын зам” нэгдэл
“Коммунизмын төлөө” нэгдэл
“Лениний зам” нэгдэл
“Партизан” нэгдэл
“Үнэн” нэгдэл
“Гэрэл” нэгдэл
“Галын гэрэл” нэгдэл
“Ардын зориг” нэгдэл
“Саруул зам” нэгдэл
“Саруул амьдрал” нэгдэл
“Улаан оч” нэгдэл
“Улаан туг” нэгдэл
“Оч” нэгдэл
“Ялалт” нэгдэл
“Давшилт” нэгдэл
“Бат хөгжил” нэгдэл
“Бадрал” нэгдэл
“Бат нөхөрлөл” нэгдэл
“Дэлгэрэх” нэгдэл
“Өгөөмөр” нэгдэл
“Туяа” нэгдэл
“Хөгжил” нэгдэл
“Бат зам” нэгдэл
“Хөдөлмөр” нэгдэл
“Их туул” нэгдэл …
г.м.–ийг дурдхад л сонин сонин “тодотгол”–ыг нь мэдчихэж болно. Бас “нэгдэл”–ийг магтсан өнгө аястай “магтуу”, хэд хэдэн хувилбартай “магтаал” ч гарсан байдаг. Энд “нэгдэл”–ийн тухай “магтаал”–аас хоёр хувилбар сонирхож харьцуулж харъя.

(А) Хувилбар: “Нэгдэлийн магтаал”–д
Алсыг заагч нам минь
Амьдралыг хөтлөгч төр минь
Аугаа зөвлөлт орны
Ахан дүүгийн халамжтайгаар
Социалист хөгжлийн замаар
Саруул гэгээн оргил өөд
Сааралт гуйвалтгүй давшиж,
Сайхан орноо жолоодож байна.
Наран болсон нам засгийнхаа
Нандин чухал заалт шийдвэрийг
Нарийвчлан ухамсарласан  түмэн олон
Нэг нь нийтийн төлөө
Нийт нь нэгнийхээ төлөө
Нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлж
Жалгын нэгэн байсан
Жаран ганцыг нийлүүлж,
Талын нэг байсан
Тархай бутархайг нэгтгэлээ.
……………………………….
……………………………….
Нэгдэлийн зөвлөл маань
Нийт гишүүдийнхээ төлөө
Нийт гишүүд нь
Нэгдэл түмнийхээ төлөө
Дуугарвал дуу нэгтэй
Дугтарвал хүч нэгтэй
Далай баян амьдралтай
Давуу их бүтээлтэй
Сум нэгдэл, суурь бригадаа…магтья…

(Б) Хувилбар: “Нэгдэлийн магтаал” –д
“Гэрэл” гэдэг нэртэй
Хэлцээ нийлсэн гишүүдтэй
Гэгээн зам нь зурайсан
Дааган дэлэн хашлагатай
Далангийн нуруун түшлэгтэй
Далай баян нэгдлийн
Даруу зантай гишүүд нь
Давуу бүтээлээр дүүрэн юм.
……………………………….
………………………………….
Манай нэгдлийн байдлыг
Малчин, тариачин гишүүдтэй нь
Магтаж хэлээд байвал
Мянган өдөр ч барамгүй …
г.м.–ээр дээдэлж, магтаж, сайшааж, өргөмжилж, бэлгэдэж ирсэн нь харагдаж байгаа билээ. Харин тэр цаг үед “хоршоо” гэдэг үг даруухан, намуухан, элдэв чимэг тодотголгүй шахам, хийсвэр сүржин “магтаалгүй”, ер нь ажил хөдөлмөр, өмч хөрөнгө, санал сэтгэлээ нийлүүлсэн ардын “хоршооныхон”–ыг илэрхийлсэн утга агуулгатай үг байв даа. “Хоршоо”–г тэр цагт үүсгэн байгуулагчид нь  энэ үгийг энгийн шууд утгаар нь ойлгож, гол нь хөдөлмөрөө хоршиж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө л явж ирсэн ардын хоршооныхон, дэлгүүр хоршооныхон л байж. Тэр цаг үеийн “нэгдлүүд” ч, “хоршоод” ч үүргээ гүйцэтгэсээр, “нэгдэл”, “хоршоо” гэдэг хоёр үг ч нийгмийн өөрчлөлт, цагийн жамаар хуучирч, монгол хэлний идэвхтэй үгийн сангаас алгуурхан гарч, “түүхэн үг” болох тийшээгээ явж байлаа…

Гурав. Сүүлийн хэдэн жил дэх монгол хэлний үгийн санд болж буй хөдөлгөөн, монгол хэлний хөгжлийн хандлага, дархлаа, хэл бичгийн бодлогын жолоо цулбуур, эх хэлний сургалтын сайн, саар талууд, бүх нийтийн хэлний боловсрол, харь хэлнээс үг хэллэг авах гээхийн ухаан, үг хэллэгийн амьдрал араншин, монгол хүний сэтгэлгээний онцлог, гажуудал, ёс суртахууны доройтол, шинэ үг хэллэгийн давалгаа сэлтийг ажиглажээ явахад, ийм тийм тодотголтой, “нэгдэл” хэмээх үгийн нийлэмж харьцангуй цөөрч, харин нөгөө “хоршоо”–той нийлэмж үгс, “хоршоо” гэдэг үгийн хэрэглээ, давтамж өсөж, өдөр тутмын сонин хэвлэлийн хуудаснаа, хааяа уран сайхны зохиолд ч “ардын хоршоо”, “хоршоо дэлгүүр”, “улсын хоршоо”, “хадгаламж зээлийн хоршоо” г.м. үг хэллэг идэвхжсээр байгаа нь ажиглагдах боллоо . Тухайлбал, “Хөөрхөн Бурмаа” хэмээх худалдагч бүсгүйн тухай дуунд:
Ардын хоршооны хөөрхөн Бурмаа
Амгалан цээлийн цагаан жараахай
Алаг хөөрхөн нүдний чинь сормуус
Айзам талын гэнэн хараацай
Улсын хоршооны хөөрхөн Бурмаа
Усан цээлийн цагаан жараахай …
……………………………………….
гэж шүлэглэж байна.

Аливаа юм, үзэгдэл харьцангуй гэдэг. Үг хуучрах, түүхэн үг хэллэг болж хувьсах үзэгдэл ч харьцангуй зүйл ажээ. Хуучин юм ул болж, шинэ юм зул болно гэдэг ч бас л харьцангуй ойлголт бололтой. Бас хуучин юм зул болж, шинэ юм ул болох ч эсрэг ёсон байдгийг үгүйсгэх арга алга. Нэг орон цагт хуучирч байсан үг хэллэг өөр нэг орон цагт сэргэж, шинэ үг хэллэг болон хэрэглэгдэх ёсон байдаг билээ.

Шугамын радиогоо нээтэл, хөдөө аж ахуйн шинэ маягийн хоршооны тухай нэвтрүүлэг “Шинэ хоршоо” (шүлгийг Т.Бямбадорж) гэдэг дуугаар эхэлж байна. Энэ хөөрхөн дууг олуулаа нийлээд л түрлэг өргөн хоршин туршин дуулж байна.  Энэ дуунд:
Уулын дулаан нөмөрт
Наран хурайлах төгөл шиг
Урган өөдлөх заяагаар
Эвсэн нийлсэн хоршоо юм.
Энэ хоршоо, шинэ хоршоо
Миний хоршоо, манай хоршоо
Усны элбэг ундарганд
Хаялга нэмэх давалгаа шиг
Улсдаа хишиг дээжлэхээр
Хамаг олноор хоршсон юм…
гэж дуулж байхад нь сонсогчид сэтгэл өег байдаг байх аа. Энд магтагдаж буй хөдөө аж ахуйн “шинэ маягийн хоршоо” бол “сайн хоршоо”, “хоршоо” гэдэг шинэ үг, түүний тодотголууд нь  эерэг үнэлэмжтэй сонстоно.

Харин өнөөгийн зах зээлийн үе дэх Монголын “хадгаламж зээлийн хоршоод”–ын нэр ба тодотголыг (“Зууны мэдээ” сонин,”Өдрийн сонин”, “Өнөөдөр”, бусад сонины мэдээгээр) сонирхож үзвэл, шинэ маягийн хоршоо, ардын хоршооныхоос их л өөр бөгөөд  социализмын үеийн нөгөө муусайн “нэгдэлүүд”–ийн нэр, тодотголыг харьцуулаад харвал нэг юм хэлээд байж билээ. Үүнд:
“Оюу–алт” хадгаламж зээлийн хоршоо
“Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ
“Ажилчны бах” ХЗХ
“Баян–Өндөр сан” ХЗХ
“Бизнес кредит” ХЗХ
“Глоб кредит” ХЗХ
“Гэр хорооллын барилгажилт” ХЗХ
“Европын хөгжил” ХЗХ
“Жигүүр инвест” ХЗХ
“ЗИБ” ХЗХ
“Итгэл, сэтгэл, ирээдүй” ХЗХ
“Их эвсэл” ХЗХ
“Монгол торго” ХЗХ
“Мэдээлэл сан” ХЗХ
“Нью–болор оргил” ХЗХ
“Нэмэгдэх ундарга” ХЗХ
“Өсөх гурван мандал” ХЗХ
”Си Эм Си” ХЗХ
“Tи-Эс-Би”
“Сэвэн бойз” ХЗХ
“Төгс эрдэнэ” ХЗХ
“УЗ” ХЗХ
“Хөх тугч”
“Үйлс үржихүй” ХЗХ
“Хаан түшиг” ХЗХ
“Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан” ХЗХ
“Цэн алт” ХЗХ
“Эрхэс инвест” ХЗХ
“Улаан загалмай” ХЗХ г.м.
“хадгаламж зээлийн хоршоод”–ын нэр ба тодотголыг ажиглахад, цаанаа л нэг зах зээлийн үнэртэй, харь хэлний үг, үсэг холилдсон, товчилсон нууцлаг; алт, мөнгө, оюу, болор, торго г.м эд юмс, эрдэнэс баялгийн нэрийг энд тэнд нь шигтгэсэн, чамин; “Гэр хорооллын барилгажилт”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан” г.м.–ээр том том ам алдсан шинжтэй; “итгэлтэй, сэтгэлтэй, ирээдүйтэй”, “эвсэнэ, хөгжинө, арвижна, нэмэгдэнэ, ундарна” ч гэх шиг иргэд хөдөлмөрчдийг хуурсан, татсан шинжтэй; ард иргэдийн тархийг эргүүлж, молигодон, мөнгийг угаах адгийн муухай санаа шүглэсэн тийм далд санаат  үг, өгүүлбэрийн өнгө аяс нуугдаж байсныг  хэн мэдлээ, хэн таалаа, юу гэж зөгнөлөө ,юу боллоо ?!

Ер нь аливаа юм, үзэгдлийн тусгай нэр, оноосон нэр, тэдгээрийн тодотгол үг – чимэг зүүлтүүд, үг, өгүүлбэр хорших ёс ч их л нарийн учиртай байдгийг санацгаая, бүү март! Монгол хэлний “нэгдэл”, “хоршоо” г.м. нэр үгс нэг хэсэгтээ л хэрэглээ давтамж нь багасч, өнгөрөх цагийн эрхээр мартагдаж, “хуучин үг”, “түүхэн үг”–ийн тоонд орох тийшээгээ болж явжээ. Гэтэл зах зээлийн нийгмийн жам ёсыг дагасхийн энэ цагийн аясаар “хоршоо” гэдэг үг дахин сэргэж, “шинэ үг” болж, хэд хэдэн үнэлэмжтэй, хэрэглээний сонин содон өнгө аястай болж, сонин хэвлэлийн хуудаснаас, радио телевизийн хэлнээс салахаа байж. “Хоршоо” гэдэг үг бол “түц” гэсэн үг биш юм. “Хоршоо” бол хуультай , агуулга ихтэй, олон янз субъектийн харилцаа, үйлдэл заасан утгатай, өнгө аяс, хэрэглээний үнэлэмж нь хувирамтгай үг болой. Өчүүхэн энэ судалбар тэмдэглэлийг холбон найруулах зорилгоор  хоёр нэгхэн үгийн өнгө аяс, амьдрал араншин, үүрэг хэрэглээ, утга найруулгыг ажиглах төдийд л харахад л монгол хэлний “түц” гэдэг үг түүхэн үг болох төлөвтэй шиг, харин энэ “хоршоо…?”

//

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: