Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Archive for the category “Шинэ ном, бүтээл”

М.Саруул-Эрдэнэ: Би Н.Поппегийн саналыг дэмждэг, өөрөөр хэлбэл судалгаа үзлийг нь шүтэн биширдэг


Монгол судлалын агуу эрдэмтэн Н.Поппе туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан “Дуртгал” номоо 1980-аад оны үед англи хэлээр хэвлүүлсэн билээ. ХХ зууны хүнд хэцүү бүхнийг нүдээр үзэж туулсан,түүнийг  зууны үйл явдлын гэрч гэж хэлж болно.Тэрээр Монголыг шимтэн судалсан, Монголд хайртай нэгэн. Монголчуудад төдийгүй дэлхийд онц сонирхолтой Н.Поппегийн энэхүү “Дуртгал”  номыг  Америк дахь Монголын соёлын төвийн тэргүүн, эрдэмтэн М.Саруул-Эрдэнэ орчуулжээ. Өнөөдөр түүний ном хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна. Түүнтэй уулзаж номын талаар хөөрөлдөв.

-Та Н.Поппегийн”Дуртгал”номыг зүгээр нэг шүүрч орчуулаагүй болов уу?

- Би энэ номыг орчуулах юмсан гэж олон жил бодож явсан. Н.Поппе бол Монгол хэл шинжлэл, монгол судлалыг шинэ түвшинд гаргасан хүн. Харьцуулсан алтай хэл судлалын онолыг үндэслэсэн гэж хэлж болно. Нас сүүдэр 80 гараад байгаа, өдгөө Америкийн Индианад буй Крюгер эрдэмтэн Н. Поппег шавиа байсан гэж бахархан ярих дуртай.Тэрээр Н. Поппегийн зиндаанд хүрж очих  Монгол судлаач гэвэл  Кливезээс өөр  нэг ч хүн байхгүй ярьдаг юм. Кливез бол Харвaрдын их сургуульд багшилж байсан мундаг монголч эрдэмтэн. Мөн Н.Поппегийн найз энэ номыг редакторласан Х.Шварц түүнийг  хамгийн агуу эрдэмтдийн нэг, түүнтэй найз байсандаа баярлаж явдаг гэж хэлдэг. Энэ нь зөвхөн монгол судлалд, төдийгүй Америкийн  шинжлэх ухааны хүрээнд ярьж байгаа юм. Ингэхээр энэ хүн   ямар хүн байсан  бэ? гэдэг нь харагдаж байгаа биз дээ.
Олон мундаг монголч эрдэмтэд байна л даа. Гэхдээ тэдний  дуртгал ном тэр бүр байхгүй. Тэгээд ч Н.Поппегийн туулсан амьдрал их сонин. Нэг хүний амьдралд дэндүү ахадсан хүнд амьдралыг туулсан гэж өөрөө хэлсэн байдаг. Бага байхад нь   Боксерын бослого гарсан. Дараа нь Орос, Японы дайн, дэлхийн I дайн, Иргэний дайн, Сталиний их хэлмэгдүүлэлт, дэлхийн II дайн энэ бүхнийг нүдээр үзэж туулсан хүн. Дэлхийн II дайны үед Орост ч, Германд ч бас байсан.Тэгээд  Америкт гарч амьдарсан билээ. ХХ зуунд дэлхий дээр болсон том том үйл явдлыг үзэж туулсан, хохирогч нь болж байсан. Өөрөөр хэлбэл нэгэн зууны гэрч гэж хэлж болно. Иймээс энэ хүний намтар Монголд төдийгүй олон оронд сонирхолтой юм. Мөн алтай хэл шинжлэлд олон маргаантай зүйлүүд байдаг. Алтай язгуурын түрэг, монгол, манж хэлүүдийг нэг хэлнээс салбарласан уу, бие биедээ нөлөөлсөн, салангид хэлүүд үү гэсэн гол маргаан байдаг юм. Н.Поппе  бол Алтай хэлийг нэг хэлнээс салбарласан гэж үздэг. Би энэ тал дээр Н.Поппегийн саналыг дэмждэг, өөрөөр хэлбэл судалгаа үзлийг нь шүтэн биширдэг гэж хэлж болно.Тиймээс түүний номыг орчуулахад их таатай байсан.

- Энэ номонд Монгол, монголчуудын тухай урд өмнө бичигдэж хэвлэгдээгүй, сонсож дуулаагуй сонин содон зүйл бий юу?

-Н. Поппе Монголд их хайртай байсан. Багадаа Хятадад амьдарч байхдаа жин тээж яваа аянчдыг хараад, энэ хүмүүс хаана хэрхэн амьдардаг бол гэж их боддог байсан гэдэг. Хүүхэд насны энэ сониуч зан  нь түүнийг хожим монгол судлалд татсан  гэдэг. Түүний энэ номонд өнгөрсөн зууны 20,30-аад оны үед монголд аялаж, ажилласан тухай  дэлгэрэнгүй бичсэн. Мөн монгол судлалын хамгийн том эрдэмтэд болох Н.Поппегийн багш нар, Руднев, Котвич, Владимирцов гээд олон эрдэмтний хувийн амьдрал, хэлмэгдүүлэлтийн тухай бичсэн нь монголчуудад сонирхолтой болов уу.

-Монголд Америкийн хамгийн сайн номууд орчуулагдаагүй байгаа. Хүч үзэн орчуулья гэсэн ном бий юу?

-Тиймээ тэр үнэн л дээ.Том хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол  орчуулахгүй байх. Харин шүлэг яруу найраг орчуулах дуртай болоод байгаа. Монголтой холбоотой хүмүүсийн дурсамж тэмдэглэлүүд   орчуулах болов уу. Нэг польш хүний тэмдэглэл бий. Дэлхийн II дайны үед Сибирьт шоронд хоригдсон нэг польш эр  америк, латви зэрэг 10 гаруй хүний хамт оргож, Монголоор дайрч Энэтхэг хүртэл явган явсан юм.Энэ сонирхолтой тэмдэглэлийн хоёр бүлэгт Монголын тухай бичсэн байдаг. Энэ тэмдэглэлийг орчуулах санаа байна. Саяхан бид багаар хамтран  Ажаа Ринбүүчигийн намтар “Цагийн бэлэгдэгч  наран чөлөө” номыг орчуулан гаргасан.

- Америк дахь “Монголын соёлын төв” соёлын үрийг хэр тарьж байна даа?  Америкт монгол судлал, Монголыг сонирхох сонирхол буурсан гэж ярих юм?

- Америкт Монгол судлалыг Н.Поппе, Кливезийн ид үеийнх шиг сайн гэж хэлэхгүй. Ганцхан Индианагийн их сургуульд л Монгол судлалаар эрдмийн зэрэг хамгаалж байна. Америкт үнэндээ монгол судлалыг хэдэн монголч эрдэмтэд  хувь хүмүүс л авч явж байна даа. Энд тэнд болох эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэд хувиараа очиж оролцдог. Америк дэлхийг бараг өөрсдөөсөө илүү шахуу сонирхдог улс. Дайснуудаа их судалж үзэхээс, найз улсаа нэг их судлаад байдаггүй. Тийм ч учраас Монголыг сонирхох хандлага буураад байгаа. Ийм үед манай төв монгол судлал, монгол хэл соёлд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна даа. “Монголын соёлын төв” жил бүр монгол хэлээр монгол судлалын бага хурал зохион байгуулж байна.  Энэ хуралд манай эрдэмтэд, монгол хэлтэй америк эрдэмтэд оролцож илтгэлээ тавьдаг. Мөн монгол судлалын цуврал лекц явуулдаг. Энд лекцэд Америкийн төрийн болон эрдэм шинжилгээний хүрээний олон хүмүүс ирж лекц уншдаг, сонсдог  тул тун сонирхолтой болдог. Мөн хүүхдийн зуслан байгуулсан..Жил бүр монгол судлалын хурлын үеэр концерт зохион байгуулах гээд л  юм хийж байгаа.

-Цаашдаа үйл ажиллагаагаа яаж өргөжүүлэх бодолтой байна вэ?

- Санаа байна. Хөрөнгө мөнгө л хэрэгтэй болох байх. Одоогоор удирдах зөвлөлийн хэдэн залуу л өөрсдийн чадлаар хамтран ажиллаж байна. Өргөн хүрээтэй болгоход мэдээж төсөв хөрөнгө хэрэгтэй. Америк дахь Монголын элчин сайдын яам бидэнд их тусладаг. Хурал зохион байгуулахад  хамтарч, байр үнэгүй гаргаж өгдөг. Манай хоёр  байгууллага хамтраад овоо юм хийгээд байгаа. Ер нь манай төвийнхөн хүн хараас  мөнгө төгрөг гуйгаад яваагүй. Өөрсдөө сайн дураараа юм хийнэ гэж байгуулчхаад, бусдаас мөнгө гуйгаад явж байх нь хаашаа ч юм. Бидний үйл ажиллагаанд жилдээ 5000-7000$ байхад л болох юм. Энэ хэмжээний хөрөнгөтэй бол бид хийж байгаагаа өргөжүүлээд, өөр олон зүйлийг хийж болох юм.

-Төрөөс энэ талаар анхаарч туслaдаг уу? Бусад улс орны жишиг ямар байдаг вэ?

-Тэнд Америкийн “Монгол Судлалын Төв”, “Монгол нийгэмлэг” хоёр л монгол судлалыг авч явж байна. Жилдээ ганц удаа болдог олон улсын ази судлалын хуралд оролцдог.Тэд хурлыг нь зохион байгуулж, манай төв хүлээн авалт, урлагийн тоглолтыг зохион байгуулдаг юм. Монгол судлалыг сонирхолтой хэвээр байлгах гэж хэрэндээ л оролдож байна. Дуучид хөөмийчид  хөгжимчдөө гуйгаад л үнэгүй тоглуулдаг. Бусад орны дэргэд бол инээдтэй л дээ. Баян орнууд огт өөр.Тухайн улсаас нь маш олон эрдэмтэн ирж оролцоно.Том зочид буудалд нүсэр юм хийдэг. Манайх  дэргэд нь даржин байдаг.

- Америкт Монголыг хэр мэддэг вэ?

-  Америкчууд ер нь Монголын тухай байтугай дэлхий нийтийн талаарх мэдлэг тааруу. Эрхбиш Чингис хааныг мэддэг. Одооноос харин гайгүй болж байна. Жак Вэдэрфордын ном, Бодровын кино хоёр сайн нөлөөлсөн. Мөн монголчууд олноор суурьшсан хотуудад  холбоод нь наадам хийж, урлагийн тоглолт зохиох болсон. Энэ бүхэн жирийн америкчууд Монголыг мэдэхэд багагүй нэмэр болж байна. Юм хийвэл ч багадахгүй л дээ. Арлингтон хотод яруу найргийн нэг баар байдаг юм.Тэнд ням гараг бүр яруу найрагчид ирж шүлгээ уншдаг. Тэнд  би монгол шүлгээс орчуулан англиар хэлдэг. Ирсэн америкууд манай яруу найргийг сонсоод их л сонирхож байдаг юм. Цаашдаа Монголын тухай кино, баримтат кино, урлагийн тоглолт зэрэг олныг хамарсан олон арга хэмжээ байнга зохиож байвал Америкийн олон түмэн бидний тухай илүү ихийг мэдэх болно.

- Манайхан хэр нэр нүүртэй явна даа?
- АНУ-д байгаа монголчууд бүгд сайн яваа гэж хэлэхгүй л д ээ. Хэн яаж явна түүгээр нь үнэлж ярьдаг. Нэг хотод монголчууд сайн ажиллаад, сайхан байвал тэр  тосгоныхон тэр аяараа л монгол хүн сайн гэж ярина. Харин тааруухан байвал монгол хүмүүс муу гэж ярьдаг. Бид харьд явахдаа өөрийнхөө нэрийг авч явахын сацуу эх орны минь  нэр сүр хамт яваа гэдгийг санаж явах хэрэгтэй гэж боддог.  Нэг үеэ бодвол Америкт байгаа монголчууд арай өөр болж байна. Хамтын зохион байгуулалттай болж, хамтарч ажиллан, монголоо сурталчлах, энэ тэрд санаа тавьж оролцох болсон. Тэнд бизнес эрхэлдэг монголчууд танхимаа байгуулсан, бүх төрлийн спорт сонирхогчдын клуб, Монгол сургууль,ТВ байгуулагдан ажиллаж байна. Мөн юм бичдэг  залуучууд нэгдээд веб гаргадаг.

-Танай төв бусад улс оронд байгаа монголчуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Англи дахь монголчуудын холбоотой хамтран ажиллаж байгаа. Мөн Монгол дахь Цахим өртөө ТББ-тай хамтран ажилладаг.   Гэхдээ яг одоохондоо бүх тив дэлхийгээр нэг байгаа монголчуудтай харьцаж ажиллахаас, илүү одоо хийж байгаа үйл ажиллагаагаа илүү сайн хийхийг зорьж байна. Америкт монголоо сурталчлах, тэнд байгаа монголчууддаа хэл соёлоо хадгалан өвлүүлэхэд голлон анхаарч ажиллаж байна.
-Таны соён гэгээрүүлэх их үйлст амжилт хүсье!


Д.Саранчимэг

Э.Пүрэвжав: “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг”


Мон Судар хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Эрдэнийн Пүрэвжавын зохиосон “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг” [2010, А5, 266 х. ISBN 99962-0-071-7 ]хэмээх шинэхэн ном дөнгөж саяхан уншигчдын гар дээр очлоо. Энэ толь бичиг бол орчин цагийн монгол бичгийн хэлэнд товчлогдон хураагдаж бичиж байгаа үг, хэллэгийн толь бичиг юм.

“Аливаа хэлний товчилсон үгийн тухай шинжилгээ судалгаа нь үг хэрэглээний хэм хэмжээнд шууд хамаарна. … Ямарваа хэлэнд үг, хэллэг нэр томьёог товчлон хураахдаа олонтоо давтагдах чанарыг нь илүү голчилдог ажээ…. Холбоо үгийн бүрэлдэхүүн дэх үгсийг хурааснаас үүссэн шинэ үгийг “товчилсон үг” хэмээн нэрлэж заншжээ… Сүүлийн хэдэн жилд “товчилсон үг” шинээр үүсч бий болох үзэгдэл нь тун эрчимжих төлөв хандлагатай байна.” [Э.Пүрэвжав:3-4-5,] хэмээн зохиогч тодорхойлсон байна.

Энэ толь бичиг нь “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг” гэсэн нэртэй боловч  орчин үед түгээмэл хэрэглэгдэж байгаа Англи хэлээрх зарим товчилсон үг, хэллэг, интернет, мэдээллийн технологийн холбогдолтой товчилсон үг , дэлхийн улсуудын нэрийн товчлолын код, ром тооны хураасан хэлбэр, химийн элементийн товчлол сэлтийг ард хавсаргасан нь энэ чигийн  товчилсон үг үзэж харах хүнд бас нэг хөөрхөн гарын авлага болжээ.

Энэ толь бичигт зориулж нэрт сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов гуай “Үгүйлж байсан толийг үзээд баярлахын учир” хэмээх  мялаалгын үгэндээ “… Э.Пүрэвжав докторын толь нэг ёсны гараас хөтлөх хөтөч, гарц заах залуур болохуйц тийм боломжийн шимтэй сайн бүтээл гэлтэй. Түүнийг хэт магтах хэрэггүй юм гэхэд дутуу үнэлж яавч боломгүй… ” хэмээн бичсэн байна.

Орчин үеийн албан хаагч, офиссийн ажилтан, оюутан сурагч, чухам хэн бүхний гарт ойр баймаар энэ  толь бичгийг Интерном номын дэлгүүрт худалдаж байгаа юм байна. Үнэ нь 7800 төгрөг гэнэ.

МОНГОЛ ХЭЛНИЙ СОНСОХ ДАДЛАГА



Энэхүү “Монгол хэлний сонсох дадлага” I, II номыг Монгол хэл сурч байгаа гадаадын хүмүүст зориулсан. Тэр тусмаа дундаас дээш бүр дээд шатны хүмүүсийн хэлний мэдлэг, сонсох чадвараа сайжруулахад зориулсан юм. Энэ номын нэгдүгээр дэвтэрт монгол уран зохиолын шилдэг үгүүллэгүүд, хоёрдугаархад нь монголын шилдэг яруу найргууд багтсан юм.

Нэгдүгээр дэвтэрийн үгүүллэгт Сэнгийн Эрдэнийн “Малын хөлийн тоос”, Жагдалын Лхагвын “Уулзалт”, “Насны чагтага”, Цэндийн Доржготовын “Хуруун чинээ лааны гэрэл”, “Нохой гэрт хүн урдаггүй”, Балжирын Догмидын “Хөдөөгийн араншин”, Жанчивын Дашзэгвийн “Цэцэг нялхарсан зун”, Дамбадаржаагийн Намсрайн “Жамухын өчил” зэрэг алдартай үгүүллэгүүд багтсан бол хоёрдугаар дэвтэрийн шүлэг яруу найрагт Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг”, Шаравын Сүрэнжавын “Долоогийн дууль”, Дөнгөтийн Цоодолын “Харамчийнхан”, “Хуучин дэр модны дууль”, Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”, Бавуугийн Лхагвасүрэнгийн “Цэргийн хар”, Гомбожавын Мэнд-Ооёогийн “Хүлээж буй ээж”, Зундуйн Доржийн “Үхэр Монголын уур хилэн”, Бямбын Ринчений “Бэр цэцэг”, Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл”, “Есөн эрдэнийн орон” зэрэг алдартай яруу найргууд орсон.

Уг номыг Монгол улсын гавьяат жүжигчин Гомбын Равдангийн уншсан “Үхэр монголын уур хилэн” даабл си ди дээр үндэслэн хийсэн болно. Номын дасгалыг эхний удаа шууд сонсоод нөхөх, хоёр дах удаад тулгаж сонсох, гурав дах удаа ойлгохгүй үг, хэллэгээ хянаж үзэх, өөрийгөө шалгах дэс дараагаар хийсэн болно.

“Монгол хэлний сонсох дадлага”, 2 volumes K.Okada, J.Bat-Ireedui, 2009

ISBN 99929-0-781-9

Mon Education Press

Edited by Dr. D.Baasanbat,

A5, I vol 166 pages, II vol 130 pages, with Audeo CD

Шадавын Лувсанвандан “Бүтээлийн чуулган”


Монгол улсын төрийн шагналт, гавьяат багш, академич, профессор, хэлшинжлэлийн ухааны доктор Шадавын Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ ойг Монгол Улсад төдийгүй хилийн чанадад хэлшинжлэлийн олон улсын хурал, хийх, тусгай ном товхимол, эрдэм шинжилгээний бичиг гаргах зэргээр  хүндэтгэн тэмдэглэж байна. Энэхүү тэгш сайхан ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн Газар, МУИС, ШУА зэрэг байгууллагууд түүний ойг жилийн турш өргөн дэлгэр тэмдэглэж байна. МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургуулиас эрхлэн түүний 12 боть бүтээлийн чуулган хэвлэн гаргалаа. Уг бүтээлийн чуулганыг МУИС-ийн МХСС-ийн захирал Д.Заяабаатар, Ш.Лувсанванданы нэрэмжит Хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч Ж.Баянсан нар эрхлэн хэвлүүлж, МУИС-ийн МХСС-ийн багш Я.Бадамсүрэн, С.Батхишиг, Ч.Бямбаханд, Л.Ганчимэг, О.Дэмчигмаа, Д.Нямаа, Б.Нямжав, Ц.Онон, Ц.Отгонсүрэн, А.Сүхмаа нар эхийг хэвлэлд бэлтгэх ажлыг гардан гүйцэтгэж, М.Базаррагчаа, Н.Балжинням, Ж.Бат-Ирээдүй, М.Баярсайхан, Г.Буянтогтох, Г.Гантогтох, Б.Даваасүрэн, Ё.Жанчив, Ю.Мөнх-Амгалан, Ц.Өнөрбаян, Э.Пүрэвжав, А.Пүрэвжанцан, Б.Пүрэв-Очир, Ж.Санжаа, Ц.Сүхбаатар, Д.Төмөртогоо, М.Ууганбаяр, Ш.Чоймаа, Л.Чулуунбаатар, Ц.Шагдарсүрэн нар хянан тохиолдуулсан байна.

Энэхүү арван хоёр ботид чухам ямар ямар бүтээл нь орсныг та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулахаар танилцуулгыг МУИС-ийн МХСС-ийн вэб хуудаснаас авч танилцуулж байна. Үүнд:

1-р боть: Монгол хэлний зүй“, Уб., 1939, 234  тал. (Лувсанванданы “Цагаан ном” гэж алдаршсан энэхүү бүтээл нь өрнийн хэлшинжлэлийн арга зарчмаар монгол хэлний зүй тогтлыг анхлан судалсан бүтээл болно.) Хэвлэлд бэлтгэсэн Ц.Отгонсүрэн, Я.Бадамсүрэн, О.Дэмчигмаа, Хянан тохиолдуулсан Ш.Чоймаа, Б.Даваасүрэн

2-р боть: Монгол хэлний зүй(Авиа ба үгсийн зүй, Үгүүлбэрийн зүй), Уб., 1951, 350 тал. (Дунд сургуулийн сурах бичгийн зориулалтаар бичсэн энэхүү цуврал бүтээл нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.) Хэвлэлд бэлтгэсэн Л.Ганчимэг, Хянан тохиолдуулсан Ж.Бат-Ирээдүй, А.Пүрэвжанцан

3-р боть: Монгол хэлний зүйн сурах бичиг“, Уб., 1956, 190 тал. (Дунд сургуулийн сурах бичгийн зориулалтаар бичсэн энэхүү цуврал бүтээл нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.) Хэвлэлд бэлтгэсэн Б.Нямжав, Хянан тохиолдуулсан М.Баярсайхан

4-р боть:Орчин цагийн монгол хэл“, Бээжин, 1961, 537 тал (Монгол судлал дахь монгол хэлний анхны бүрэн хэлзүй.) Хэвлэлд бэлтгэсэн С.Батхишиг, Хянан тохиолдуулсан Г.Буянтогтох, Ё.Жанчив

5-р боть: Орчин цагийн монгол хэлний бүтэц(Авиа, авиалбар хоёр нь), Уб., 1967; “Орчин цагийн монгол хэлний бүтэц” (Үг, нөхцөл хоёр нь), Уб., 1968, 281 тал. (Судалгааны шинэлэг арга баримтлалаар бичсэн энэхүү бүтээл нь Монгол улсын шинжлэх ухааны салбарт анх удаа төрийн шагнал хүртсэн юм.) Хэвлэлд бэлтгэсэн С.Батхишиг, А.Сүхмаа, Ц.Батдорж, Хянан тохиолдуулсан Д.Төмөртогоо, Д.Заяабаатар, Ю.Мөнх-Амгалан

6-р боть: Монгол хэлний авиа судлал, 317 тал. (Монгол хэлний авиа судлалаар бичсэн бүх өгүүллийн анхны эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн С.Батхишиг, О.Дэмчигмаа, Хянан тохиолдуулсан Г.Гантогтох, Ж.Санжаа

7-р боть: Монгол хэлний бүтээвэр, үг, өгүүлбэр судлал”, 356 тал. (Монгол хэлний бүтээвэр, үгийн сан, өгүүлбэр судлалаар бичсэн бүх өгүүллийн анхны эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн Ц.Онон, Ч.Бямбаханд, Хянан тохиолдуулсан Ж.Баянсан,  Ц.Өнөрбаян, М.Базаррагчаа, Б.Пүрэв-Очир

8-р боть: Орос-Монгол толь бичиг, 432 тал. (Монгол хэлний үгийн сан судлал, толь бичгийн судлалд одоо ч үнэ цэнээ алдаагүй бүтээл.) Хэвлэлд бэлтгэсэн Б.Нямжав, Хянан тохиолдуулсан Ц.Шагдарсүрэн

9-р боть: Хэлшинжлэлийн онолын асуудал, 212 тал. (Ерөнхий хэлшинжлэл, хэлний онолын чиглэлээр бичсэн бүх өгүүллийн анхны эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн Д.Нямаа, Хянан тохиолдуулсан Ц.Сүхбаатар, М.Ууганбаяр

10-р боть: “Орчуулга, нийтлэл, тэмдэглэл, 215 тал. (Орчуулга, нийтлэл, тэмдэглэлийн анхны эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн Я.Бадамсүрэн, Хянан тохиолдуулсан Л.Чулуунбаатар, Н.Балжинням

11-р боть: Ш.Лувсанвандан судлал, 355 тал. (Лу багшийн бүтээлийг задлан шинжилсэн эрдэмтэн судлаачдын 40 өгүүллийн эмхэтгэл.) Эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн Э.Пүрэвжав, Ю.Мөнх-Амгалан, Хянан тохиолдуулсан Ж.Баянсан

12-р боть: Э.Пүрэвжав “Их эрдэмтэн, академич Шадавын Лувсанвандан“, 158  тал. (Ш.Лувсанванданы намтар, ажил үйлсийн замналыг түүхчилэн бичсэн судалгааны бүтээл.) Хянан тохиолдуулсан Д.Төмөртогоо, Д.Заяабаатар

Ц.Шагдарсүрэн: “Эх хэлээ эвдэхгүй юмсан”


МУИС-ийн Эх бичиг, алтай судлалын тэнхимийн багш, Проф. Ц. Шагдарсүрэнгийн “Эх хэлээ эвдэхгүй юм сан” номын хоёр дахь хэвлэл хэвлэлээс гарчээ. Тус номын эхний бөлөгт монгол хэлний дэлхийн бусад хэлнээс  ялгарах онцлог, зүй тогтол, хэл, сэтгэхүйн холбоог олон нийтэд зориулан ойлгомжтой байдлаар тодорхой тайлбарлажээ. Хоёрдугаар бөлөгт орчин цагийн монгол хэлийг хэрхэн эвдэж буйг бодот амьдрал дээрх жишээ баримтаас эшлэн, алдаа мадгийг учир шалтгааны талаас тайлбарлаж, хэлний үүднээс засаж залруулах арга замыг таниулан бичсэн байна.

Агуулгын дэлгэрэнгүйг номын товъёгоос үзнэ үү.

Хэвлэлийн хуудас: 324 тал.

Хэвлэгдсэн он: 2010

Хэвлэгдсэн тоо: 300 ширхэг

Худалдах үнэ: 5000 төгрөг

Холбоо барих: МУИС, Хичээлийн II байр 367 тоот

Л.Цэрэнчимэд: “Уран сайхны эхийн найруулгад илэрсэн харшууллын онцлог, хэрэглээ”


Доктор Лувсанцэрэнгийн Цэрэнчимэдийн Уран сайхны эхийн найруулгад илэрсэн харшууллын онцлог, хэрэглээ” нэрт нэгэн шинэ ном уншигчдын гарт очоод удаагүй байна.

Энэ ном удиртгал, үндсэн гурван бүлэг, төгсгөл, номзүй гэсэн бүрдэл хэсэгтэй. Их дээд сургуулийн монгол хэлний ангийн оюутан, монгол хэлний багш, магистрант, докторант, хэлний мэргэжилтэн, хэл судлаач эрдэмтэн нарт зориулсан бүтээл байна.

Энэ номын оршилд бичсэнээр судлаач Л.Цэрэнчимэд “Монгол хэлшинжлэлийн тэр дундаас эх судлалын харьцангуй бага судласан, түгээмэл ай орон, цаг байдал шинжийн үнэлэмжийн айгаар илэрдэг, эсрэгцлийг хэлний баялаг сайхан жишээ баримтад тулгуурлан тусхайлан судалж, эрдмийн зэрэг хамгаалаад, улмаар судалгааны энэхүү сонирхолтой, онол-аргазүйн ач холбогдол бүхий бүтээлийг туурвисан… байна.” хэмээн эрдмийн ажлын удирдагч, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан, профессор, доктор Бямбажавын Пүрэв-Очир багш нь дуу алдан магтжээ.

L.Tserenchimed, “Уран сайхны эхийн найруулгад илэрсэн харшууллын онцлог, хэрэглээ”, ISBN 992981105; Ulaanbaatar, HAS PRESS ; 2010; pp.188;

Ц.Гомбосүрэн: “Хэлний философи ба хэлшинжлэлийн философи”


“Филсофи нь үүссэн эртний үеэсээ өнөөг хүртэлх бүх түүхийнхээ туршид хэлний тухай чухал чулах асуудлыг авч үзэн, улмаар тэдгээрээ тодорхой байдлаар шийдвэрлэн тайлбарлаж иржээ. Ялангуяа сонгодог биш философийн олонх чиглэл, сонгодог бишийн дараах философийн аливаа чиглэл бол хэрэг дээрээ хэлний тухай асуудлыг төв асуудлаа болгодог юм. …Хэлний философийн түүхэн ба орчин үеийн онолыг шүүмжлэлтэйгээр, ажил хэрэгтээ хэрхэн холбогдохынх нь үүднээс эзэмших нь хэлний мэргэжил, философийн мэргэжил бүхий хүмүүст төдийгүй соёлын үйл ажиллагааны аливаа төрөл дэх, түүний дотор шинжлэх ухааны аль ч салбар дах мэргэжлийн ажилтнуудад арга зүйн ач холбогдолтой байх нь эргэлзээгүй байдаг юм. ” хэмээх оршилдоо дурдсан энэ номын манай МУИС-ийн Философийн Тэнхимийн багш, гүн ухаанч, доктор, профессор Бунийхны овогт Ц.Гомбосүрэн багш бичиж, доктор М.Базаррагчаа, М.Отгонбаяр нар редакторлажээ. Энэ бол хэлний гүн ухааны талаар монгол хэлээр анхлан бичсэн гарын авлага болж байна.

Хэлний философи ба хэлшинжлэлийн ( лингвистик) философи” Ц. Гомбосүрэн, МУИС-ийн Хэвлэх Үйлдвэр, “МУИС – Хөгжлийн сан”, ISBN 9996253-164; Ulaanbaatar 2010, A5, 244 x. Үнэ 8000 төг. “Интерном” номын их дэлгүүрт худалдаж байна.

Б.Шүүдэрцэцэг: “Домогт Ану Хатан”


Зохиолч Шүүдэрцэцэг буюу Чанрав овогт Баатарсүрэнгийн Тогтохбаяр шинэ роман “Домогт Ану хатан” хэвлүүлж номынхоо нээлтийг хийлээ.

Зохиолч энэхүү романаа 2011 онд тохиох Монголын тусгаар тогтнол, үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулжээ. Уншигчдын тэсч ядан хүлээсэн “Домогт Ану хатан” романыг “Мөнхийн үсэг” компанид хатуу, зөөлөн хоёр янзын хавтастайгаар хэвлэсэн байна.

Хайр дурлалдаа үнэнч, халуун эх оронч Монгол бүсгүй Ану хатан 1696 онд Тэрэлжийн Зуунмодонд болсон тулалдаанд Манжийн цэргийн бүслэлтийг сэт цохиж, эр нөхөр Галдан Бошгит хаанд зам гаргаж өгөөд амь эрсдсэн түүхтэй билээ.

“Домогт Ану хатан” роман нь Монголын эмэгтэй зохиолчдын бичсэн хоёрдах түүхэн роман болж байна” гэж уг номын нээлт дээр Монголын  Зохиолчдын Холбооны гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг тэмдэглэн хэлжээ. Мөн нээлтийн ёслол дээр МУГЖүжигчин Гомбын Равдан уг романы хэсэгээс уран сайхан уншиж уншигч түмэнд толилуулж, зохиогчийн гарын үсэгтэй ном эзэддээ очлоо.

Эл романы түүхийн зөвлөхөөр МУИС-ийн багш, доктор, Д.Энхцэцэг, хэлний зөвлөхөөр ТГСИС-ийн профессор Ж.Бат-Ирээдүй, зураачаар С.Төгс-Оюун нар ажиллажээ. Хэвлэлийн хийцийг Ц.Ганганцэцэг хийсэн байна.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг 2002 оноос эхлэн “Хулан”, “Шүрэн бугуйвч”, “Й-мэйлээр илгээсэн сарнай”, “Үйсэн дээрх бичээс”, “Чимээгүй хашхираан”, “Цасан нулимс”, “Зургадугаар сарын цас”, “Сэтгэлийн анир”, “Туужууд” зэрэг тууж, үгүүллэгийн ном туурвиж уншигчдын хүртээл болгожээ. Мөн “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”, “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” хэмээх ном гаргаж амжсан байна. “Шүрэн бугуйвч” тууж нь кино болж, англи хэлнээ орчуулагдаж, “Шүүдэрцэцэг си ди ном” гаргасан байна. “Шүрэн бугуйвч” тууж, “Шүүдэрцэцэг Си Ди”-гээрээ 2007, 2008 оны онцлох ном-ын шагнал дараалан хүртэж, утга зохиолын салбарт 2009 оны “Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй” -гээр шалгарчээ.

Ж.Ирээдүй

Ж.Бат-Ирээдүй: “Монгол хэлний хэлц үг, хэллэгийн сан”


Зохиогч Ж.Бат-Ирээдүй, редактор К.Окада, Ж.Баянсан

ISBN 99929-0-107-1, A5 хэмжээтэй, 309 хуудастай

Мон-Эдюкэшн хэвлэлийн газраас хэвлэгдсэн

Монгол хэлний хэлц үгийн шинэ толь бичиг хэвлэгдэн гарлаа. Өмнө гарсан хэлц үгийн толиудаас хийсэн аргын хувьд нэлээд өвөрмөц болсон байна. Хэлц үгийг үйл хэлц, нэр хэлц гэж хуваагаад хэлц үг тус бүрийг утга зохиолын хэлний жишээгээр батлахыг хичээсэн байна. Номын хойно  толь бичигт орсон нийт үгийн хэлхээс хийж өгчээ. Толь бичиг нийтдээ 10 мянга орчим үгийн багтаамжтай томоохон толь бичиг болжээ. Хэлц үг, хэллэг тус бүрийг өнгөөр ялгаж хоёр өнгөөр хэвлэсэн ном байна. Монгол хэл суралцагч гадаад дотоодын оюутан, сурагч, залуучууд, монгол хэлний багш нар, хэвлэл мэдээллийн ажилтан, хэн бүхэнд зориулсан байна.

Л.Болд: “Түрэг, монгол хэлний тооны нэр”


Болд Л.

Тvрэг, монгол хэлний тооны нэр/Ред. Ц. Өнөрбаян.-УБ : ШУА-ийн хэвлэх vйлдвэр,2005.-120х.ISBN 99929-92-09-3.

Энэхvv бvтээлд тvрэг, монгол хэлний vндсэн болон vндсэн бус тооны нэрийг харьцуулан судлахдаа хам ба цуваа цагийн vvднээс ханджээ. Хам хийгээд цуваа цагийн судалгаа нь харилцан бие биеэ vгvйсгэсэн эсрэг тэсрэг арга учир эрдэм шинжилгээний ажилд хослуулан хэрэглэж болохгvй гэж зарим судлаачид vздэг боловч эсрэг тэсрэг чанартай энэ хоёр аргыг зөв хослуулж чадвал сая тvрэг, монгол хэлнvvдийн тооны нэр, тvvний гарал, бvтэц мөн тооны нэр vvсэх аргын тvгээмэл чанар болон тvvний хөгжлийн өвөрмөц онцлогуудыг  нь танин мэдэхэд чухал ач холбогдолтой.
Тvрэг монгол хэлний тооны нэрийг харьцуулан судалсан энэ бvтээл нь зохиогчийн олон жилийн судалгаа шинжилгээ, ажиглалт туршилтын vр дvн бөгөөд энэхvv номоо тvрэг, монгол хэл судлаачид тvvнчлэн алтай хэл судлаач эрдэмтэн, багш, оюутан сонирхогчдод болон уг сэдвээрх бvтээлийг сонирхсон хэн бvхэнд зориулж байна.

Post Navigation

Follow

Get every new post delivered to your Inbox.