Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Б.Пүрэв-Очир: “АРГАЛЧИН ЭЭЖИЙН БИЧЭЭЧ ХӨВГҮҮД, АРГАЛЫН ЦЭНХЭР ГАЛЫГ ТОЙРООД…”


Ижийдээ очих замдаа гараарай. Орчлонгийн хамгийн
гэрэл гэгээтэй зам бол ижийдээ очих зам юм шүү…
(Дан. Нямаа)

Нүүдэл суудал хийгээд нүүдэлчин монголчууд, нүүдэлчдийн амьдрах ухаан, аж онол, соёл сэтгэлгээ, аргалын гал, аргалчин ээжийн хүүхдүүд, аргал хорголын араншин, аргалын хаан – дошсон сарлагийн бухын дунгуй, гал манахуй, ээжийгээ санахуй, аргалд явсан ижий минь, та… гэх мэт үг, утгын нийлэмжээр түлхүүр үг, тулгуур ухагдахуун хийж, “Аргалчин ээжийн бичээч хөвгүүдийн” зохиож, нийтлүүлсэн хэд гурван задгай цагаан шүлэг, исээ – өгүүллэг, гүн ухааны бодрол эргэцүүлэл, исээ бодрол – нүүдэл, ийм тийм төрөгдлийг “эрих болгон хэлхэж”, “Аргалын цэнхэр галыг тойроод…” хэмээх нэг ерөнхий сэдэвт зангидан, эх бичвэр судлал, мэдээлэлзүй, уран сайхны туурвилзүйн талаас нь нэгэн сонин “чуулбар” үүсгээд, судалбар (этюдь), задаргаа хийж үзвэл сонин санаа тайлбар, өвөрмөц “хольц” гаргаж болмоор санагдав. Энэ нь цаанаа нүүдэлчдийн амьдралын хэв шинж, гүн ухаан, туурвих ухаан, урансайхны мэдлэг, мэдээллийг бүтээхүйг нь олон замын уулзварт цогц байдлаар задлах шинжлэх гэсэн нэгэн зорилгыг агуулж байгаа билээ.
Чингэхдээ бид, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”-н “Нүүдэлчдийн найраг – зөөлөн ай” гэдэг тотго үгийг, төрийн шагналт зохиолч Чойжилжавын Лхамсүрэнгийн “Би аргалчин байлаа” гэдэг задгай цагаан шүлгийг, нэрт зохиолч Жагдалын Лхагвагийн “Би аргалчин” гэдэг исээ-эргэцүүлэмжийг, ардын уранзохиолч Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл” хэмээх элегия маягийн шүлгийн хэсгийг, авьяас билигт яруу найрагч Данзангийн Нямаагийн “Аргал” хэмээх исээ-бодролыг, төрийн шагналт зохиолч, гүн ухааны нийтлэлч Дарма Батбаярын “Аргалын гал” хэмээх нүүдэл-бодролыг, Ардын зохиолч Лодонгийн Түдэвийн “Гал манах” хэмээх исээ-нийтлэлийг, эхийн өгүүлбэрзүйгээр болох болохгүй юм бичигч нөхөр Бямбажавын Пүрэв-Очирын “Сарлагийн дошсон бухын дунгуй” хэмээх шинжлэх ухааны исээ-нийтлэлийг, яруу найрагч Жамцын Бадраагийн “Аргалд явсан ижий минь…” дууны шүлгийг сонгон цуглуулав. Цуглуулан олохдоо яг л аргал түүж яваа хүн шиг, элдэв юм бодож, ном зохиол шүүрдэж, савардаж, хар бор ажил хийсэн минь “урансайхны аргалчин” надад зугаатай, сонирхолтой байсан төдийгүй, урансайхны бичвэр судлалд дусал нэмэр болгох санаа бодол төрөгдөөд ирсэн юм.
Сонгож олсон бичил эхүүдийг ажиглаад байхад, сэдэв, үүдэл санаа, зорьсон санаа, гол санаа, шинэ санаа, шургуулсан санаа, уран санааны дүр дүрслэл, зохиомж, үг, өгүүлбэрийн найруулга, утга –соёлын талаараа “нэг араг, шээзгий”-д багтаан багцалж байгаад, “аргалчин ээжийн бичээч хөвгүүдийн бодрол” буюу эсвэл “аргалын цэнхэр галыг тойроод…” хэмээн эрих болгон хэлхчихэж болмоор  байв.
Энд бид Дорнын уудам талаас Г.Мэнд-Ооёог, Өмнийн цэнхэр говиос Дарма Батбаяр, Ж.Лхагвааг, Уул-Алтайдаас Л.Түдэвийг, Говь-хангайн цэнхэр орноос Ч.Лхамсүрэн, Дан.Нямаа, тэгээд “өөрийгөө”, Хөвсгөлийн уул-тайгаас Ж.Бадрааг, дөрвөн зүг найман зовхисын “Төв”-өөс нь П.Бадарчийг авч, “аргалчин ээжийн бичээч хөвгүүдийн” төлөөлөл болгов. Учир юу вэ гэвэл, эдгээр “бичээч” нар цөм л нүүдэлчдийн үр сад юм, хөдөөгийн хүүхдүүд юм, аргал хорголын амьдрал явдлыг дориун гадарлах монгол хүмүүс юм, бас тэгээд монгол угсаа уламжлал, хэл соёлоо гэх зүрх сэтгэлтэй юм, тэгээд л бүгд “аргал”-аас сэдэвлэж, юм бичиж, ул мөрөө үлдээжээ. Тэгэхлээр мөнөөх “аргалын цэнхэр галыг тойрч…” хэмээсэн үгэн эрихний хэлхээнд орж болмоор бичгийн хүмүүс юм гэж үзэв.
Ерөөсөө, ерөнхий сэдэвт бичил “эх”-үүдийг эрихлэн хэлхдэг монгол туурвилзүй, дуун ухаан, яруу найргийн тогтсон сайхан дэг жаяг, уламжлал, шинэчлэл байдаг. Шүлэг зохиолыг агуулга, утга санаагаар нь хэлхэж, өвөрмөц зохиомжилсон байдгийг зах зухаас нь дурдан:
“Сажийн сайн номлол буюу эрдэнийн сан Субашид” гээд л (орчуулга);
“Цэцгэн эрих” гээд л (Д.Пүрэвдорж);
“Ямаан туухай“ хэмээх дөрвөн мөртүүд гээд л (Б.Лхагвасүрэн);
“Жирмийн сүлжээ” гээд л (Т.Галсан тэргүүтэн);
“Алаг чулуун эрих” гээд л (Н.Даваадаш зэрэг);
“Утаагүй улаан хомоол” гээд л (Ай.Төмөр-Очир);
“Монгол хэмээх сүрэг шүлэг” гээд л (Ч.Мягмарсүрэн);
“Зуун горхины мэлмэрээ” гээд л (Ш.Хишигсүрэн);
“Зуун найман эрдэнэсийн эрих” гээд л (Ш.Сүрэнжав);
“Газрын зүйдэл, тэнгэрийн зүйдэл” гээд л (Ү.Хүрэлбаатар);
“Шувууны мөр хэмээх гурван мөртүүд” гээд л (Б.Лхагвасүрэн);
“Зуны шөнийн борооны дусал…” гээд л (О.Дашбалбар);
“Гангын найман сондор” гээд л  (Г.Мэнд-Ооёо),
“Бөрттэй цагаан сарны доор” гээд л (П.Бадарч) г.м.-ээр утга ба хэлбэрээр зохиомжлон хэлхсэн өдий төдий жишээ баримтыг татаж болох.
Тийм учраас ч миний бие бээр, эрхэм нөхдийн зохиол-нийтлэл, исээ тэргүүтэнг нэг ерөнхий сэдэв – “аргалын цэнхэр галыг тойроод…”-оор холбон хэлхэж, эх бичвэрүүдийн дотоод ба гадаад орчинд нүүдэлчдийн соёл-сэтгэлгээ, үг, утгыг сонирхсон болно. Гэхдээ хамаг сонин нь хүн хүний дотоод ертөнц өөр, хүн хүн өөр өөрийн эрэл хайгуул, мэдээ мэдээлэл, найруулгатай гэдгийг анхаарсан болно.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” номдоо (2002):  “Нүүдэлчин айлын гал голомт хэзээ ямагт ертөнцийн төв мэт. Хойморт морин хуур, дагаад уртын дуу. Уяан дээр хүлэг янцгааж, гадсаа тойроод ботго буйлах, дэрсэнд салхи лимбэдэх… Аргалын галын дэргэд үлгэр, тоонон дээр Долоон бурхан од… Тэнгэр эрхисээс ямархан нэг үл мэдэх хүч надаар дамжин, газарт буух мэт. Эсвэл газар дэлхийгээс хөлөглөн босох зөөлөн аялгуу тэнгэр өөд нисэж буй мэт болох буюу. Хээр талын дунд торойх чулуун хүн нүүдэлчин өвөг дээдсийн зуу зуун жилийн хөлгөн түүхийг бодлогошрон эргэцүүлэх мэт. Үл хөдлөх чулуун хүн ч он жилүүдийг дагуулаад, дараах мянган руу бидэнтэй цуг явж байна… Нүүдэл бол хөдөлгөөн юм…” гэж өгүүлсэн байхад, зохиолч Дарма Батбаяр “Нүүдэлчдийн сэтгэлгээ” хэмээх исээ- таталбартаа: “Хүн төрөлхтний үлиг оршил нь нүүдэл. Нүүдэл гэдэг хөдөлгөөн. Оршин байхын үндэс нь хөдөлгөөн. Чухамхүү үргэлжийн хөдөлгөөн л амгаланг буй болгоно. Амгалангаас илүү жаргалан гэж үгүй. Гурван мянга таван зуу гаруй жилийн турш амь зуулгынхаа анхдагч хэлбэрийг хадгалж яваа нүүдэлчдийн амьдралын үл хувьсал үүнд оршино. Тиймгүйсэн бол амь зуулгын өөр хэлбэрийг хайх байсан. Яагаад тэд нүүдэллэн амьдардаг, амьдралдаа сэтгэл хангалуун тийм олон мянган жилийн нүүр үзэв ээ?!” гэж бичсэн нь бий.
Уул мэт өвгөд дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчдийн соёл сэтгэлгээг сударлан бичиж авчирсан “Аргалчин ээжийн бичээч хөвгүүд” бид гал голомтоо тойрон суугаад, бодрол бясалгал эргэлдүүлж орчлонг хүүрнэн, хүмүний явдлыг л бичсээр байх шиг. “Аргалын цэнхэр галыг тойроод…” хэмээх ерөнхий нэг сэдвийн хүрээнд эрихлэн хэлхэх исээ-нийтлэлүүдэд бид уг удмаа бас өөрсдийгөө эрж хайх, өөрсдийгөө таних, эх хэл, утга соёл, уламжлалаа, амьдралын хэвшлээ олж харахын учир нэг их тайлбар задлал хийлгүйгээр тэр л  чигээр нь өрж танилцуулах нь зүйтэй юм шиг бодогдоод явчихав. Уншигч-судлаач авгай нар өөр өөрсдийн ухаанаар, нүүдлийн соёл иргэншилт монгол хүний оюун билгээр, өөрсдийгөө өөрөө задалбал илүү сайн байж болох. Харин энд эрихлэн хэлхэж буй исээ – нийтлэл, исээ-өгүүллэг, шүлэг зохиолд монгол хүний амьдрах ухаан, урнаар дүрслэх аргууд, бодлын цар хүрээ, гүн ухааны санаа тайлбар, үг хэллэгийн өнгө аяс, эрчим энерги маш нарийн зохилдлоготой илэрсэн төдийгүй, ахмад зохиолч, төрийн шагналт Ч.Лхамсүрэнгээс өгсүүлээд, ардын зохиолч, хөдөлмөрийн баатар Л.Түдэвийн исээ- нийтлэлийг хүртэлх “бичил эхүүд” нь монгол хэлний эх судлал, утга соёлын судлалд үнэт хэрэглэгдэхүүн болж буйг онцлон тэмдэглэж байна. Харин эдгээр хүмүүс бие биеийг дууриагаагүй, соёлын амин сүнс – хэлийг өөр өөрийнхөөрөө хэрэглэж, утга санааг давтагдашгүй илэрхийлсэн нь сонин юм. Тухайлбал,
Ижий нь хүүгээ
Их санах юм даа.
Араг, савар хоёроо
Зөрүүлж байж бодлоо.
Аргал, чулуу хоёрыг
Андууран түүж саналаа… (П.Бадарч),
Аргалд явсан ижий минь, Та
Арай ч дэндүү удлаа шүү дээ.
Аагтай цайг тань санан санасаар
Ангаж л явна даа, муу хүү чинь  (Ж.Бадраа)
гэх мэт солбицсон санаатай нэг хоёр шад нь ч үг, утгын судалгаа хийх, хүмүний явдал, үг хэллэгийн эрчим энерги, амьдрал араншинг судалж тайлахад ч багадаад байхын учиргүй, хэл судлаач бидэнд зохиолчдын хэл найруулга, үгийн санг уудлан шинжлэхэд хэрэгтэй тустай “хөх хомоол” мэт түүхий эд болой. Одоо энд нэг нэг “аргалын овоо” мэт бичил эхүүдийг цувруулан өрж сонирхъё оо!
1. Ч.Лхамсүрэн: “Би аргалчин байлаа”
Ширмэл хавтгай оосортой
Шигдмэл бөөрөнхий оосортой
Тэгш бөмбөгөр ёроолтой
Дээгүүр доогуураа цагарагтай
Араг, шээзгий олныг ч би
Ай даа, мөн ч олон үүрч дээ.
Хунзны шар хулсыг ч матаж,
Хуруу бүдүүн бургаасыг ч засаж,
Үхрийн ширийг зүсэн байж,
Үдээрийн сайнаар боосон
Тав зургаан шүдтэй
Тайрмал шулуун иштэй
Урт, богино савраа
Урамтай бариад, би чинь
Аргал түүдэг байлаа
Аргаа дүүргэдэг байлаа.
…………………………….
Хөдөөгийн хүүхэд байлаа, би
Хөгжилтэй аргалчин явлаа, би…
2. Ж.Лхагва:  Би аргалчин
Наймтайдаа би адуунд өшиглүүлж бэртээд, сургуульд явж чадаагүй юм. Тэгээд “мэдрэл муудсан” гэж нутгийн нэг “доохторын” айлдсанаар арав хүртлээ хөдөө байж, аргалчин болсон билээ. Бургасан шээзгий үүрч, хулсан савар бариад, хонины бэлчээрт хүрээгүй хүн аргал түүхийн жаргалыг яахин мэднэ.
Аргалчин хүн яруу найрагч мэт үргэлж эрэлд хатаж, түүнийгээ ямагт олж байдаг юм. Муу аргалчин малын чийртэй гэрийн хаяанаас үл холдон үнгэгдсэн хомоол, хөлдүү хоргол сэлтээр араг шээзгийгээ дүүргэвч тэр нь гал болохоосоо утаа болж, нүдийг нь хорсгох бүлгээ. Харин сайн аргалчин гэрийн бараа тасартал сэргэг бэлчээрт хүрч, өвөлжин урьшиж, хаваржин хатсан намрын халтар аргалаар араг дөрвөлжөө дүүргээд, буцахдаа тааралдах олзыг ч гээлгүй хормойлно.
Тэгээд аргалын нь гал тулган дотор цогтойхон найраг шиг дүрэлзэх агшинд хол явсны ид сая нэг гарч, араг оосорлосон оёмол дээсний мөрөнд шигдсэн хөндүүр өөрөө арилдаг билээ. Аргал түүхдээ би дуртай, халтар аргал олдоосой гэж дуулна. Тэртээ цэнхэр уулсыг давах сан гэж дуулна. Сургуульд явчихсан үеийн нөхдөө дурсан дуулна. Энэ бүхнийгээ ганц мэдэх “Эрэлхэг монгол”-ынхоо аяар л дуулдаг байлаа.
Сургуулийг би төсөөлөн бодохдоо ном, дуу хоёр заалгачихаад, дараа нь олуулаа нийлээд, аргалдаа явдаг байх гэж санана.
Тэгээд миний өдөлж амжаагүй цурам ухаанд араг үүрсэн олон хүүхэд дүрслэгдээд, улмаар лавшруулан бодож, ганц сайхан том аргал тааралдвал овоорон булаацалддаг байхдаа хэмээн эзгүй хээр өөрийгөө цочтол тожигнон инээдэг сэн.
3. Дарма Батбаяр: “Аргалын гал”
Тулганд аргалын гал чимээгүйхэн асна. Сэгсүүргэн дээл нөмрөн, галын захад суугаа өвгөн, гаансаа хаа нэгхэн чимээгүй сорж, гал ширтэн бодлогоширно.
Гадаа хотолсон үхэр мал ч анир чимээгүй бөгөөд энэ зуур хөдөлж бадарч байгаа юм гэвэл ганцхан тулган дахь гал атал тэндээс ч чимээ үл гарна.
Би анир чимээгүйд автан, галын тухай бодон сууна.
Ийнхүү анир чимээгүй асдаг гал гагцхүү талын малчин монгол бидэнд л байх агаад энэ галыг шүтэн эцэг өвгөд минь амь зууж, энэ галын дэргэд үр ач нар минь бойжиж, энэ галын дэргэд үлгэр туульс, үүх түүх маань зохиогдсон. Энэ гал бидний үндэс. Энэ гал бидний эх. Галаа тойруулан, бид ханаа дугуйлж, гэрээ барьдаг. Галаа тойрон сууж, орчлонг хүүрнэдэг.
Энэ гал газраас ногоо шиг ургаагүй, тэнгэрээс хур шиг буугаагүй. Өвөг дээдэс минь сэтгэлээсээ цог авч, анх ноцоосон юм.
Тэр л цагаас хойш гал, сэтгэл хоёр амин зүрхний холбоотой болж, сэтгэл хөрөхдөө галаас илч аван бадарч, гал бөхөхдөө сэтгэлээс цог аван ноцдог болсон байнам.
Тэр л цагаас хойш монгол хүн галаа харж бадрах ба мөхөхийн утгыг таньж, бадрах, мөхөхийн уулзвараас орших цагийг олж харсан байнам…
…Тулганы гал цогшин зэрэглэсэн аргал дуусах дөхжээ. “Өвөө минь та хажуул даа”. Галдаа аргал нэмж, өнөө шөнө би галаа манаж хоноё.
Галын гэрэл, аргалын утааны нөөлгөнд малын минь хот бүлээн хонох нь мэдээж.
4. Л.Түдэв: “Гал манах”
Монголчууд саяхан болтол галаа манадаг байжээ. Гэвч одоо тэр зан үйл бараг мартагдаад байна. Өсвөр үеийнхэн гал манана гэгчийг ойлгохоо байж. Улс орон шүдэнз хийж чаддаггүй, хэт цахиураар галаа асаадаг байсан тэр цагт гал манах нь ер мартаж болшгүй ажил байв. Галын хэрэгцээ мартагдсангүй, улам ч нэмэгдсээр. Одоо үед ганц нэг айл биш бүхэл бүтэн хот тосгоны гал голомтыг төвлөрсөн нэг зуухнаас тэтгэн тэжээдэг болоод байна.
Дөрвөн тотготой тулга тулж байсан Өргөө маань, өнөөдөр дөрвөн том цахилгаан станцаар гэрэл гэгээ, гал хөсөө залгуулах боллоо. Монгол хүн хэт цахиураа музейд тавьж, тоононоосоо шилэн дэнлүү зүүж, шөнийг өдөр болгож чадсан… Гэвч…
5. Дан.Нямаа: “Аргал”
…Тээр жил намрын дунд сарын үед сэн, томилолтын далимаар ээж рүүгээ ухасхийлээ. Манайх нөгөө л Овоо толгойнхоо ар шил дээр намаржиж байв. Хоёр гэрийнхэн хоёулаа алга. Бодвол, өвөлжөө рүүгээ юмуу аль эсвэл ойр зуурхан аргал хорголхонд явсан бололтой. Ээж үүдээ уяагаар нь гэрийн бүслүүрт дөнгөж хавчуулаад орхижээ. Би жолоочдоо маргааш орой ирж аваарай гэлээ. Ээжийн аргал ер нь бага харагдав. Би зүгээр суухаар гэж бодоод, араг үүрч ойрхон зуур аргалд явлаа. Хар багаас хийж сурсан ажлаасаа ихэд төсөөрсөн ч, аргал түүх гэгч юутай дотно сайхан санагдсан гэх вэ.
Яг л хүүхэд насандаа эргээд очсон шүү. Тэр ч бас л нэг аргал байсан хэрэг ээ дээ.
…Адууны хөх хомоолоор сүү хөөрүүлдэг. Гал нь зөөлөн болоод шаргал дөлтэй. Асах нь аргадал билгийн үг мэт. Зэрэглээд түлэхэд нурж унахгүй, нуранги үнс ч нэг их гарахгүй.
Харин тар тархийж салхинд хийстэлээ хатсан үхрийн халтар аргал уу. Их өөр дөө. Илч сайтай. Ноцох нь зориг бардамнал мэт. Дөлний үзүүр нь хурц жад шиг. Сайн ажвал азарганы агсал дэл шиг босоо чигтэй билээ. Тийм аргалаар тогоо нэрнэ.
Ээж минь жалавч руу хүйтэн ус хийнгээ “Миний хүүгийн түүсэн аргал ноцох дуртай” гэж магтдаг юм.
Шээзгийгээ дүүргэн, дээр нь шивээлэн овоолчхоод гэрийн зүг алхаж явах ч таатай даа. Бүр авахаас өөрцгүй аргал таарвал хормойлно шүү дээ.
Ер нь аргал түүх ч жаргалтай ажил. Аргалтай хамт ямагт шинэ бодол түүнэ. Нэг удаа би аргал болж дүрэлзтэл ноцох юмсан гэж мөрөөдөж билээ л…
6. Б.Пүрэв-Очир: Дошсон сарлагийн бухын “дунгуй”
Энэ үг хэллэгийг би, хөдөөгийн хүүхэд байхдаа, хөгжилтэй аргалчин явахдаа анх аав, ээж болон хоёр том эгчээсээ сонсож мэдэж авсан юм. Тэгээд л нүүдэлчин монголчуудын бодот амьдралыг тусгаж үүссэн, мэргэн ардын ухааны үг гэж ойлгож, мартаж гээх нь бүү хэл, харин ялимгүй тайлбар хийж, хэзээ нэг цагт исээ маягийн юм болгож, энэ сэдвээр нэг юм бичих сэн гэж бодож явдаг байв.
“Дунгуй” гэж юу гэсэн утгатай, юуг заан нэрлэсэн үг бол? гээд л одоогийн зарим оюутан, магистрат нараас тандаж асуухлаар “Нэг л дугуйрсан юмыг хэлээд байх шиг.” гээд, таанан дунгуй буюу дундгуйгаас цааш хэтэрч тайлбар хэлж чаддаггүй нь хачин санагддаг сан. Зарим нэг толь бичиг сөхөж үзэхэд “дунгуй”, “бухын дунгуй аргал” г.м. үг, тайлбар байхгүй юм. Тэгэхлээр бидний сонирхоод байгаа дошсон сарлагийн бухын “дунгуй” бол сарлагтай газрын үг, хангайхны үг, ер нь нутгийн аялгууны үг бололтой, говийнхон энэ үгийг бүр ч мэдэхгүй байх гэж бодогдов.
Гэхдээ нутгийн аялгууны үгээр утгазохиолын хэлний үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн ба найруулга бүрэлдэхүүн байнга баяжиж байдаг гэдгийг хэлэх нь л бидний энэ таталбарын нэг зорилго юм л даа. Энэ тухай үл өгүүлэн, өгүүлэх минь. Одоо бодоход, бидний зургаан хүүхэд, Заг, Байдрагийн Хүрэн бэлчирт аав ээжийнхээ буянаар адуу малын захад өсөж, аргал хорголын зан, ид шидийг андахгүй гадарладаг болсон улс байж. Ээжээсээ өнчин хоцорсон бид, том эгч Амаахүү, Түмээхүү хоёртоо аргал түүхэд нь тусална. Өөрсдийн түүсэн аргалаас өнгөтэй өөдтэйг нь шилж, эгч нарынхаа араг шээзгийг эхлээд дүүргэж өгнө. Дошсон сарлагийн бухын “дунгуй”-г хаа нэгтээ олж өгвөл урмын сайхан үг сонсоно, бурмын хөөрхөн шагнал ч хүртэнэ…
Аргал ер нь олон янз. Олдоц тархац, хэлбэр галбир, цаг цагийн өнгө зүс, хэмжээ дамжаа, эрчим чадал, галын бурхан – гэрийн эзэгтэй нараас авах үнэлэмж нь хүртэл өөр өөр.
Хаврын халтар хомоол, олон жилийн өнжмөл төмөр хөх хомоол, монгол үхрийн сармай цагаан, сарлаг үхрийн сайхан халтар аргал, угалзан хээтэй хөх аргал, өмхий пэндий, хөвсгөр үнгүүш, дошсон сарлагийн бухын хөх дунгуй гээд л янз янз нэртэй, өөр өөрийн үг хэллэгтэй. “Бухын дунгуй” бол аль ч талаараа хангай газрын аргалын “хаан” буюу дээд нь юм л даа. Ер, монгол хэлэнд аргалчин хийгээд аргал хорголтой холбоотой үндэсний онцлогтой үг хэллэгийн бас нэгэн баялаг сан байдаг юм…
Намар дуусаж, өвлийн амьсгал орж, уул толгодоор цан хүүрэг цохиж, цас мөсний түрүүч үзэгдээд ирэхийн цагаар сарлагийн бух гэдэг амьтан дошиж эхэлнэ. Доших дошихдоо уул толгодыг дамжин, уул нуруудын хяр, таг, их өвс, ургамалтай сайхан шар дэвсэг газрыг сонгон, салхийг сөрөн дошно. Юунаас ч айхгүй, хэнд ч хал балгүй, ганцаар дошиж чимээгүйхэн өгсөж уруудаж байх нь зун, намрын зургаан сарын явдлыг бодон бодон яваа юм шиг санагддаг сан. Сарлагийн дошсон бухыг холоос дурангаар харахад, томоос том цагаан, бор, хар, хөх, хүрэн цохио чулуу хүглийн хэвтэж байгаа шиг харагдана. Тиймээс ч уулын хөх чоно, тэр дошсон “хүрэн цохио”-ноос жихүүрхээд халдан довтолж үл чаддаг гэлцэнэ. Дошсон сарлагийн бух олон өдрөөр зогсож, хэвтэж, идэж, хөрвөөж, сүр бараагаа үзүүлж явсаар, хаяахан нэг биеэ “хөнгөрүүлнэ”. Тэр нь сүртэй том, давхарласан, үелсэн, угалзалсан, хэд хэдэн үхрийнхийг нийлүүлсний дайтай. Нэг хоёр зуны усан бороог дааж, нэг хоёр хавар, намрын хөх салхийг өнгөрөөж, элдүүр нь ханаад ирэхийн үес төмөр мэт том хөх аргал болно. Түүнийг нь дошсон сарлагийн бухын хөх “дунгуй” гэж байгаа юм. Нэр нь хүртэл сүртэй гээч! Зарим зун ааваа дагаж хадланд явж байхад уулын таг, орой эсвэл гуу жалганд нөгөө “дунгуй” хэвтэж байна. Их хур борооны дараагаар “сарлагийн бухын дунгуй”-г ажиглаад сайн шинжвэл зарим өвс, модлог ургамал, нөгөө “дунгуй”-г чинь нэвт сүлбэн ургаад, дугариг сайхан талбар дээр нь цэцэг навч дэлгэрсэн ч байх шиг, бас элдэв усархаг мөөг ургаж зүмбэрлэн тогтоод, ганхаж байх нь малгай толгой, чимэг зүүлттэй болж, уран байгалийн үзэмжийг илтгэн байх шиг санагддаг байлаа. Одоо бодож дүрслээд үзхүл яг л нөгөө засал чимэглэл нь тохирсон “хотол бялуу” буюу тоорт гээч юм шиг! Миний бага насанд бялууруулдаг “бялуу” гээч идээ байсангүй. Харин тэрхүү амтат бялууны дүрс хэлбэр, гоёл чимэглэлийг хожмоо санахад “дошсон сарлагийн бухын дунгуй”-тай төсөөтэй юм уу даа гэж бодогдсон бөгөөд өдгөө монгол хэлний “дунгуй”, “дундгуй”, “сээрэн дугуй” (бөхийн мэх) “тоононы дунгал”, “хүдэр дунгуй нутаг” (ардын дууны нэр) зэргийг сонирхож, тайлбарлахад надад нэгэн түлхэц, сэдэл болсон байж ч магад билээ. Ерөөс, сарлагийн дошсон бухын “дунгуй” (аргал) бол байгалийн зүйл, байгалийн бүтээгдэхүүн, харин мал аж ахуй эрхэлдэг нүүдлийн соёл иргэншилт монголчуудын “дунгуй” хэмээх үг хэллэг, түүний хэрэглээ, зан араншинг танин мэдэх нь нийгмийн зүйл, хэлний соёлын зүйл болой. Тэгэхлээр аргалын “хаан”-дошсон сарлагийн бухын “дунгуй”-наас үүдэж, өвөрмөц дүр дүрслэлийг ч бүтээж болно. Энэ бол манай монгол хэлний гайхамшиг болой.

Энд Дорнын их талаас олдсон “Дошсон монголын бухын дунгуй”-н гэрэл зураг байна…
Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” тууж, “Байдалд зохист намар цаг, сэтгэлд зохист яруу газар, Бэлэн далай гэдэг зөөлөн говь нутагт…” гэж эхэлдэг сэн… Энэ  “дунгуй” бол тэр “Бэлэн далай” хэмээх зөөлөн говь нутгаас олдсон “дунгуй”. Саяхан гэрэл зургийн сурвалжлагч Цэгмидийн Дамдинсүрэн гуай, Сүхбаатар, Дорнодоор ажлаар явахдаа энэ “дунгуй”-н зургийг авч ирээд, “Нөгөө сарлагийн дошсон бухны дунгуйнхаа хос болгож”, номдоо оруулбал зүгээр байх аа… гэсэн сонин санаа хэлж дурсгасан юм.

Энэ “дунгуй” бол, нэг талаас, байгалийн бүтээгдэхүүн, “монгол үхрийн баас”… л юм. Ёстой л нэг дээд хөх тэнгэрийн нар, сар, хураар тэжээлгэж, доод бор дэлхийн эрчим дулааныг авч, талын хөх салхиар алгадуулан алгадуулсаар мөлийсөн, илдүүр нь ханасан хөх аргал болой. Нөгөө нэг талаас, цаасан дээрх зургийг нүүдэлчдийн соёл, сэтгэлгээ, гоо сайхны таашаалыг хослуулан байж хийсвэрлэн бодвоос, нэг сайхан зүмбэрлэсэн хээ хуар ч юм шиг, монгол эмээлийн баавар даруулга ч юм шиг, бас нэг сайхан мөнгөн хазаарын мөнгөн товруу ч юм шиг, нэг их сайхан мөнгөн цагаан ембүү ч гэмээр, аль эсвэл их уриа дуудлагын цагаан лавай ч гэмээр…

Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

About these ads

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: