Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

М.Саруул-Эрдэнэ: “Шадар гурван эрдэмтэн”


Хайрлаж явдаг сайхан багш нар минь – Дөрөв
(Багш нарын баярт зориулсан цуврал)

1990 онд арван жилийн сургуулиа төгсөөд монгол хэл судлаач хэмээх мэргэжилтэй болно хэмээн Монгол Улсын Их Сургуульд шалгалт өгөхөөр зэхэж байв. Гэтэл тэр үед аль хэдүйн хэл шинжээч болчхоод, ШУА, МУИС-д нэлээд олон жил ажиллачихсан байсан хүргэн ах маань “Чи нэгэнт энэ мэргэжлийг сонгосон бол Улсын Багшийн Дээд Сургуульд орсон чинь л дээр дээ” хэмээн зөвлөж, би тэр замаар нь явсныгаа одоо хүртэл азтайд тооцдог нэгэн билээ.

Яагаад тэр вэ? гэж үү, яагаад гэвэл тэр сургуульд (одоо бол “тэр” биш миний сургууль) хэчнээн ч олон сайхан эрдэмтэн багшаар ном заалгав даа. Ажил мэргэжлийн дөрөө олоход минь, хэл шинжлэлийн цэгцтэй мэдлэгтэй болоход минь тэр олон багш нараас ялангуяа “шадар гурван эрдэмтэн” багш маань дэндүү гүнзгий нөлөөлж дээ.

Багшийн Дээд, хожмоо Багшийн Их Сургууль, бүр сүүлд Боловсролын Их Сургууль болсон эрдмийн энэ уурхайн Монгол хэл-Уран зохиолын Факультетийг (одоо Монгол Судлалын Сургууль) далан хэдэн оны үед төгсөгчдөөс эхлээд өнөөг хүртэл сурч байгаа хэн бүхэн “шадар гурав” гэхээр чухам хэн хэнийг нэрлэж байгааг андахгүй буй заа.

Тийм ээ, авиазүйн Санжаа, үгзүйн Өнөрбаян, өгүүлбэрзүйн Пүрэв-Очир багш нарынхаа тухай ярьж байна. Хэл шинжлэлийн ямар ч сайхан дараалсан шатлал болсон хичээлийг зааж гаршсан юм, ямар ч сайхан нэгнээ ойлгож, уламжлал болгон нөгөөхдөө шилжүүлж сурцгаасан юм, яасан ч сайхан нэг үеийн улс ингэж нэг зэрэг гарж ирцгээдэг юм, тэр бүрийн дүнд шавь бид л хожих юм даа.

Энэ гурван багшид сургуулийн маань үе үеийн төгсөгчид яагаад дандаа талархаж явдгийн учрыг би та бүхэнд өөрийн бодож байгаагаар хэлж өгье.

Нэгэн зүйл, их дээд сургуулийн багш нар болбоос эзэмшсэн мэргэжилдээ гаргуун, онолын нарийн мэдлэгтэй байх ёстой, манай гурав бол ёстой л авиазүйг Санжаа багш, үгзүйг Өнөрөө багш, өгүүлбэрзүйг По багш л заахгүй бол өөр хэн ч заасан гологдтол эзэмшсэнээс гадна тухайн салбартаа бүгд нээлт хийж, заадаг хичээлээрээ их, дээд, дунд сургуулийн сурах бичиг олныг бичсэн улс юм.

Нэгэн зүйл, асар өндөр мэдлэгтэй атлаа түүнийгээ шавь нартаа түгээх эзэмшүүлэх аргын талдаа тааруухан бол ялангуяа багш бэлтгэдэг сургуульд тун ч зохимжгүй, харин манай гурван багш бол хичээлээ уран тод заадаг, хэлшинжлэлийн хамгийн хэцүү, ээдрээтэй ойлголтыг нэн ойлгомжтой таниулдаг багш нар билээ. Ямар сайндаа л оюутнуудын дунд ийм яриа гарсан байсан юм: “Өнөрөө, По, Санжаа багш гурвын хичээлийг ойлгох гэж хичээх хэрэггүй, зүгээр л хичээлдээ л сууж бай, цаадуул чинь толгойд чинь өөрсдөө бэлэн хийгээд өгнө”

Нэгэн зүйл: Хичээлийн уялдаа холбоо гэж юм байх ёстой, ялангуяа хэлний шат дараалсан нэгжүүдийн хувьд доод шатны бага нэгжид илрэх зүй тогтол, дээд шатандаа давтагддаг ёстой, өөрөөр хэлбэл хэл бол фрактал бүтэц билээ. Гэтэл салшгүй холбоотой тийм нэгжүүдийг огт өөр өөр нэр томьёо хэрэглээд, өөр өөр тийш нь заагаад байвал яах сан билээ? Өөрийнхөө хичээлийг илүү чухал болгох гээд ойролцоо хичээл зааж байгаа зарим багш нэгнийхээ судалгааг үгүйсгээд байдаг гэм бий. Харин манай гурав бол хамтдаа он удаан жил ажиллаж, эрдмийн ном өгүүлэл хамтдаа бичин, нэгнээ сайтар ойлгодог болсны хувьд эхэнд заасан нь дараагийнхдаа тогтвортой мэдлэгтэй, суурь сайтай, бас шинэ юм сурахад бэлэн оюутан бэлдэж өгдөг, ойлголт, нэр томьёо нь цэгцэрсэн, нэг үгээр хэлбэл нэгнийхээ судалгааг хүндэлдэг, ойлгодог эрдэмтэд юм.

Нэгэн зүйл, ажлын хариуцлага гээч зүйлийг бид энэ гурван багшаасаа сурсан, ямар ч баяр ёслол, арга хэмжээ тохиосон хичээлээ заахдаа бол ганц ч минут хоцордоггүй, таслах тухай бол бүр яриа ч байхгүй, ялангуяа Өнөрөө багш, По багш хоёр бол хамрын ханиад зэргийг тусаад өвчний чөлөө ч авч үзээгүй, тийм л ажил хэрэгч багш нар даа. Хүнд ажил хийж сурна гэж чухал юм байдаг юм билээ шүү…

…гэх мэтээр бичээд байхаар уншигчид маань усны дусал адилхан гурван багш байдаг юм байна гэж бодох вий. Эрдмийн салбарт ингэж адилссанаас бус хувь хүнийхээ хувьд огт өөр гурван хүн байгаа юм. Image

Санжаа багшаасаа эхэлье. Архангай аймгийн уугуул Санжаа багш бол бөх байж мэдэхээр суурьтай, ааш зан нь биетэйгээ адил уужуу, амгалан тайван хүн. Ширвээ сахлаа илбэж байгаад авианы ижилсэл ондоошлыг арвин баялаг жишээтэй өгүүлнэ. Бас алиа хошин үгтэй. Нэг удаа Санжаа багшийг тэнхимийн эрхлэгч байхад бид хоёр хоёулханаа тэнхимд сууж байсан юм. Өвөл цаг, Санжаа багш тэнхимийн хойморт томоо дээлтэй сууж байв. Тэгсэн нэг эмэгтэй орж ирээд аажуухан алхаж багш дээр очсоноо “Та деканы нарийн бичгийн дарга Баасансүрэн гэж хүн мөн үү?” хэмээн асуув. Тэгсэн багш их тайвнаар “Би БҮДҮҮН бичгийн дарга нь байна аа” гэхэд би тэндээс тэсэлгүй инээд алдчихаж билээ. Тэр том бие, дээр нь бас дээлтэй, залуусын хэлээр бол ёстой л “нарийн бичиг” байж харагдаач…

Манай сургуулийн багш нар чөлөөт цагаараа нийлж наргихдаа харин ч бахтай улс даа. Хэл, уран зохиолын багш нар хойно элдэв хошин явдал, онигоо ярина, дуу дуулна. Санжаа багш аль алинаас нь хоцрохгүй. “Хотгойдын унага” хэмээх сүлд дуугаа авиазүйн аргаар дуулдаг гэж байгаа. Өөрөөр нь дуулуулж үзэхгүй бол би лав бичгээр тэрийг нь илэрхийлж чадашгүй нь. Ямар ч байсан жирийн дуучдынхаас эрс өөр, зарим газар авиа сулран гээгдэнэ, зарим аялгуу ондоошно, зарим нь ердөө амьсгалын түрэлт болон хоцорно, авиазүйн аргаар дуулна гэж их сонин юм бий дээ. Image

По багшийг бол Санжаа багшийн яг эсрэг характертай гэж хэлж болно. Удна, хүлээнэ гэж байхгүй, хурдан, шийдэмгий хүн. Эрдмийн ажлыг ч тэр, нэг л барьсан бол их эрчим хүчээр хурдан дуусгана. Тиймдээ ч бүтээл арвинтай багш. Баянхонгор аймгийн харьяат тэрбээр сүүлийн үед уран зохиолын эхийн судалгаа руу гүнзгий ороод буй. Өгүүлбэрзүйн судалгааг бараг юм үлдээхгүй болтол нь нарийн судалсан хүн, одоо шинэ талбарт өөрийгөө сорих нь аргагүй. Алиалж хошигнож байх нь ховор, харин залхуу оюутнуудын эсрэг бол айхтар хурц, дайраа үгтэй. Тиймэрхүү ёвроо үг овоохон үг даадаг оюутныг бол улам хурцалж, юм хийх ид хавыг нь бадраадаг бол сул нэгнийг нь бүр “цааш нь харуулчих” гэмтэй.

Хичээлээ аргагүй сайн заадаг болохоор ойлгохгүй үлдэх оюутан гэж гарахгүй. Гэтэл харин нэг удаа тийм тохиолдол гарч, бүтэн цаг гучин минутын сайхан хичээлийн дараа ангийн маань нэг охин ойлгоогүй сууж байсан юм. По багш сэтгэлээр машид унаад “Миний хүү ингэж багшийнхаа урмыг хугалж байхаар, гарч ирээд энэ ууц хугалчих, май” гээд заагуур модоо өгч байж билээ. Энэ АНУ-д бол оюутан нь ойлгохгүй бол ямар ч багш сэтгэлээр унахгүй, би заасан, ажлаа хийсэн, болоо л гэж бодох байх.       Image

Өнөрөө багш бол эрдэм ном, авьяас билэг нь тэгш хүн. Үгзүйгээсээ түр салаад, эрдмийн ширээнээсээ босохоороо тамирчин болчихно. Волейбол, ширээний теннис маш сайн тоглоно, оюутан байхдаа факультетийнхаа өмнөөс чөлөөт бөхөөр барилдаж байсан гэж байгаа. “Сарьдаг өндрийн оройгоор” гэж ирээд л сайхан дуулна. Онигоо ярихдаа гарамгай гэх мэтээр яриад байвал элдэвтэй хүн дээ. Ямар сайндаа аман зохиолын нэг багш оюутнуудаараа оньсого таалгаад “Эрхийн чинээ биетэй ч эр хонгор дуутай, тэр юу вэ?” гэсэн “Өнөрөө багш” гэсэн гэдэг.

1992 он,  Өнөрөө багшаар үгзүй заалгасан жил, зун нь  хадаг бариад зориглон гэрт нь очлоо. Жаахан сууж ярьж байгаад хадгаа гарган “Намайг шавиа болгооч” хэмээн гуйв. Шавь орох гээд хадаг барихад бэр гуйсан хадгийг заримдаа буцаадагтай адил, авдаггүй юм биш биз гэж хачин юм бодож, айж байсан, багш маань харин хадгийг дуртайяа аваад “Одоо тэгвэл энэ зун чи ийм юм хийнэ ээ” гээд л шууд ажил хэрэгтээ орсон сон. Саяхан По багшийн нэг өгүүллэгт уртын дууч Дорждагва гуай олон багшийнхаа талаар ярьж байгаад “Магсар хурцын Дорждагва бол ёстой миний багш” хэмээн онцлон өгүүлсэн тухай бичсэн байна лээ. “Муу хүний заяа завагт” гэгчээр мулгуу тархитай ч олон сайхан багштай учирч байсныхаа ачаар эрдэм ном хэмээн элдвийг найруулан бичсээр яваа нэгэн билээ, би. Харин тэр олон багшийнхаа дундаас “Арван баядын көвүүн Цэдэвийн Өнөрбаян бол ёстой миний багш” хэмээн онцлон дурдахдаа бахтай байна.

УБИС-ийн “шадар гурван цэрэг”, Монгол хэл шинжлэлийн “шадар гурван эрдэмтэн”, оюутан шавь нартаа бол “шадар гурван багш” – та бүхэндээ багш нарын баярын мэндийг хүргэе. Багш бэлтгэдэг сургуулийн багш нарын хувьд багш нарын баяр гэдэг бол давхар давхар баяр билээ.

Мягмарын Саруул-Эрдэнэ.
Вашингтон хот

About these ads

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: